logo

"Монгол-Унгарын бизнес форум” боллоо

2013/03/16

Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим хамтран уМонгол-Унгарын бизнес форум”-ыг 3 дугаар сарын 12-ны өдөр Будапешт хотноо зохион байгуулав.  

“Бизнес Форум”-д  МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Ц.Янсанжав тэргүүтэй монголын 10 гаруй хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бодлогын газрын дарга нар, унгарын талаас Монголд үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэх сонирхолтой 20 орчим компаний төлөөллөөс бүрдсэн нийт 70 гаруй хүн оролцлоо.

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Т.Ганди,  МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Янсанжав, Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Дэд ерөнхийлөгч Миклошши Ференц нар чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэхүү уулзалт нь хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ашиглагдаагүй нөөц бололцоог хамтран ашиглах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, төлөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтот хөтөлбөрүүдийн талаар Элчин сайд Т.Ганди төлөөлөгчдөд танилцуулав.

Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал С.Бэхбат “Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын нөхцөл боломж”, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Дүгэрсүрэн ”Ногоон хөгжлийн бодлого”, Унгарын ҮЭЗЯ-ны Азийн газрын хэлтсийн дарга Силади Андраш “Унгар-Монголын эдийн засгийн харилцааны нөхцөл байдал” сэдвээр тус тус илтгэл тавьсан нь Унгарын бизнес эрхлэгчдийн сонирхлыг ихээр татав.   

Энэ удаагийн бизнес уулзалт Будапешт хотноо болох Монгол-Унгарын ЗГХХК-ын 4 дугаар хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд зохиогдсон бөгөөд уулзалтын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар харилцан ярилцлаа. Бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр Монголын ардын урлагийн “Хөх Монгол” хамтлаг ая дуугаа өргөсөн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш