logo
Дадлагын багш нар хүүхдүүдийн 80 хувийг дугуйланд хамруулжээ

Дадлагын багш нар хүүхдүүдийн 80 хувийг дугуйланд хамруулжээ

2013/03/20
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гурван долоо хоногийн өмнө МУБИС-ийн 100 оюутныг цалинтай дадлагад гаргасан билээ. Жирийн оюутанд цалин өгөөд дадлагад гаргасан нь боловсролын салбарт шинэ содон үйл явдал болсон юм.100 оюутны 16 нь Архангай аймгийн Хашаат сумын сургуульд дадлага хийж байна.  Архангайн Хашаат суманд дадлага хийж байгаа оюутнуудын дадлагын явцтай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  өнгөрсөн долоо хоногт очиж танилцсан юм.

Энэ үеэр оюутан багш нар гуравхан долоо хоногт олон арван сургалтын хэрэглэгдэхүүн хийж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд сургалтын шинэ арга барилаар хичээл зааж байгаагаа сайдад танилцуулсан. Дадлагын багш нар ирснээр  гуравхан долоо хоногтсумын сургуулийн хүүхдүүдийн 80 хувийг дугуйлан секцэнд хамруулсан мэдээг сонссон Л.Гантөмөр сайд "Шинэ үеийн багш нар гэж ийм л байх учиртай"хэмээн  оюутнуудаараа бахархаж байлаа.

Түүнчлэн сайд "Оюутнууд хийсэн зүйлээ тайлбарлаж байгаагаас харахад энэ хүүхдүүд их өөрчлөгдсөн байна. Наашаа явахын өмнөх нүд,  царай биш болжээ. Хамаагүй илүү биеэ даасан байна. Багш болох ажилд дадлагын хугацаа зайлшгүй хэрэгтэй. Дадлагаа  дарамтгүйгээр, илүү чөлөөтэй, илүү өөрийгөө хөгжүүлэсэн орчинд хийх нь зөв юм байна. Энэ хүүхдүүдийн дадлагын онцлог нь зааж байгаа хичээлээ зүгээр л сайн заах биш. Хүүхэд хөгжүүлэхэд илүү яаж анхаарч байна вэ гэдгээрээ өөр" гэдгийг сайд онцолж  байлаа.

Өмнө нь Хашаат сумын сурагчдын 35хувь нь хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан бол энэ тоо 80 хувь  болтлоо өсөхөд  Монгол хэлний дадлагын багш Дэлгэрмөрөнгийн хичээл зүтгэл их. Тэрбээр ирэнгүүтээ уран зохиолын дугуйлан хичээллүүлж уралдаан зохион байгуулсан байна. Түүний дугуйланд сумын сургуулиас 250 хүүхэд  оролцож шүлэг найраглал уншиж жүжигчилсэн үзүүлбэр үзүүлжээ. Оюутнуудын санаачилсан ажлаас сурагчид нь ямар их урам авч, хичээлдээ дуртай болж байгааг харсан сумын ууган багш хүртэл  "Хүүхэд бүр авьяастай, тэрийг нь нээх хэрэгтэй"гэдгийг ойлгосноо хэлж байсан юм.  Тэдний нэг  З.Отгончимэг багш  "Би багш мэргэжлийг эзэмшээд 22 дахь жилдээ ажиллаж байна. Дадлагын багш нараас шинэлэг санаа, шинэ эрч хүч авч байна. Оюутнууд  боловсролын системийг шинэчлэх гэж л ирсэн.  Тэгэхээр бид ч гэсэн хамтарч тэдэнд дэм болж багшлах аргачлалаасаа  зааж өгч хамтарч ажиллаж байна" гэлээ.

Олон жилийн өмнө илгээлт аваад орон нутгийг зорьдог байсан үеийг сэргээж хөдөө ирсэн оюутнууд сумын сургуульд багшилж байгаадаа сэтгэл өдөр байсан юм. Тухайлбал, дадлагын багш Э.Ундрахбаяр "Намайг энэ сургуулийн хамт олон сумандаа үлдээд ажиллаач гэвэл би дуртайяа хүлээж авна. Хөдөө багшлах боловсон хүчин дутагдалтай байдаг. Бид нар залуу хүмүүс . Бидэнд  зорилго мөрөөдөл байгаа. Аливаа зүйлийг   багаас нь эхэлж, орон нутгаас  сайн хүүхдүүд бэлгэн гаргаж ирснээр л бид өөрсдийгөө багш гэж нүүр бардам хэлдэг болох байх" гэсэн юм. Бусад оюутнууд ч ялаагүй Э.Ундрахбаяр шиг "Хэрвээ сургуульдаа үлдэж ажиллаач гэвэл дуртайяа хүлээж авна" гэдгээ тэд хэлж байлаа. 

Суманд нэг шинэ хүн ирэхэд сум даяараа сонирхдог. Тэгвэл хашаат суманд 16 оюутан ирж ганц багшлах бус хүүхэд, олон нийтэд хандсан ажил зохион байгуулж байгаа нь сумынхны хувьд шинэ соргог зугаатай үйл явдал болж байгаа юм байна. Сурагчид ч гэсэн "Манай багш гоё тоглоом тоглуулдаг" хэмээн  оюутан багш нараа магтана лээ.  Дадлагын багш нар  нийт найман долоо хоног тэнд  ажиллана. Гуравхан долоо хоногт нь хэдэн арван үзүүлэн гаргаж хүүхдүүд битгий хэл багш нарт үлгэрлэж чадсан тэд найман долоо хоногийн дараа сумын сургуулийн бүх хүүхдийг дугуйлан секцэд хамруулах дүр зураг харагдаж байна. Тэднийг "Боловсролын шинэчлэл хөтөлбөрийг суманд авчирч чадах нь гэсэн  итгэлтэй" байгаагаа Л.Гантөмөр сайд хэлж байлаа. МҮОНТВ шинэ үеийн багш нарыг Хашаат сумын сургуульд дадлага хийж байгаа багш нараар жишээлж теле нэвтрүүлэг хийж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хүртээл болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш