Онцгой ярилцлага – Монголын төлөв
Нэг хуудас товчхон намтраас нь гадна УИХ-ын дарга Энхболдын талаар ихэнх хүний мэдэх зүйл бол тэр зоригтой, олны танил, шударга улстөрч гэж надад хүмүүс хэлсэн билээ.
УИХ-ын танхимууд сүрлэг бөгөөд олны хөлөөр элэгдсэн улаан хивсний хажуугаар эгнэсэн байх аж. Хэд хэдэн аюулгүйн хяналтын цэгийг дайрч өнгөрсний дараа намайг хэсэг сэтгүүлч, зураглаачдын хамт суулгалаа. Тэд бүгдээрээ Европын холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчтэй хийх уулзалтын талаар ноён Энхболдтой ярилцахаар гадаа нь хүлээж байгаа аж.
Албан байдлаар зураг даруулж, УИХ-ын даргатай гар бариад цаг зав гаргасанд би талархал илэрхийллээ. Түүний дэргэд зогсохдоо агшин зуур сүрдэх сэтгэл төрөв. “Надад хорин таван минут байгаа” гэж хэлсэн болохоор сууцгаасны дараа би шууд ажилдаа орлоо. Арай удаан ярилцахсан гэсэн хүсэл байсан боловч энэ хүндэтгэл хүлээсэн улстөрчийн хувьд юмс гайхалтай хурдан хэмнэлээр өрнөдөг, тэгэхээр би түүний хаана өссөнийг асууж яриагаа эхэллээ.
"За, энэ ч нэлээд урт түүх дээ” гэж тэр яаруу хариулаад бугуйн цаг уруугаа хяламхийхэд нь муухан эхлэл боллоо гэдгийг тэр даруй мэдрэв. Шулуухан хэлэхэд, Энхболд хувийн амьдралаа ярихаас цэрвэдэг аж. Тэр уламжлалаа их баримталдаг, нууцлаг юм, гэхдээ аажимдаа тэр ам халж, Монголын төвийн бүсийн Хангайн уулсын хойд, өмнөд нутгаас гаралтай эцэг, эхийнхээ тухай надад ярьсан. Энэ нутаг бол “Монголын зүрх” гэгддэг, ер бусын оргилууд нь далайн төвшнөөс 3500 метр өндөрт оршдог, бас их өгөөмөр баян, хойд хэсгээрээ ногоорсон ойтой, өмнөд хэсгээрээ цэцэгс алаглаж, голууд цэнхэртсэн, мэдээжийн хэрэг зах хязгааргүй хээр талаар хүрээлэгдсэн нутаг юм. “Миний ээж хангайн уулсын хойд хэсэг Архангайн хүн, аав минь өмнөд хэсэг болох Өвөрхангайнх”.
Тэд хангайд танилцсан байх даа гэж намайг гэнэхнээр асуухад тэр дулаахан инээмсэглээд “Үгүй ээ, тэд 1964 онд Улаанбаатарт Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурч байхдаа танилцсан юм” гэлээ.
УИХ-ын дарга Энхболд 1966 онд Улаанбаатарын хоёрдугаар төрөх эмнэлэгт төржээ. Түүнийг хоёр настай байхад хөдөө нутгийг хөгжүүлэхийн тулд сайн дураар нэгдэлд ажиллаж амьдрахыг төр, засгаас хүн арддаа хандан уриалжээ. “Энэ бол атар газрыг эзэмших маш том санаачилга байсан, олон залуус Сэлэнгэ аймаг руу явсан байдаг. Тэгээд намайг хоёр настай байхад аав, ээж маань дагуулаад Монгол, Оросын хилийн ойр орших Зэлтэрийн сангийн аж ахуй руу очжээ”.
“Аан, тэнд Та оросоор ярьж сурсан байх нь ээ” гэхэд “Үгүй ээ, би хожим орос хэл сурсан” гэж тэр дор нь намайг залрууллаа.
Хууль эрх зүйн боловсролынхоо талаар ярихыг би түүнээс хүсэхэд, тэр дахиад л эрс шулуун хариу өгөв. “Юун түрүүнд би бол инженер. Нэлээд сүүлд хууль эрх зүй сурч, бизнесийн удирдлагын магистр хамгаалсан л даа”.
1984-1989 онд УИХ-ын дарга Энхболд Оросын нэр хүндтэй сургуулиудын нэг Уралын Политехникийн их сургуульд инженерээр суралцжээ. “Хууль эрх зүйгээр сүүлд Монгол Улсын Их сургуульд суралцсан”. Хожим нь улс төрд оролцон өсч дэвжээд, жаахан уруудах үедээ тэр Колорадогийн Дэнверийн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистр цол хамгаалсан аж. “Инженер мэргэжилдээ би үнэхээр сэтгэл хангалуун байсан” гэж УИХ-ын дарга бахархалтай өгүүлэв. “Үнэндээ инженерийн мэргэжил маань миний хамгийн хайртай мэргэжил, гадаад улсад намайг таниулах анхны зүйл байсан” гээд тэрээр сандалдаа тухлав.
“Урал их нэртэй хот шүү дээ” хэмээн тэр над руу хараад, энэ сургуулийг Борис Ельцин бас төгссөнийг өгүүлэв.
“Намайг Уралд оюутан байхад Ельцин мужийн Коммунист намын дарга байсан, мэдээж перестройка (өөрчлөн байгуулалт)-аас өмнө л дөө. Би их сонирхолтой цаг үеүдэд амьдарчээ. Улс төрийн хоёр тогтолцоог үзэх хувь тохиосон, коммунизм, ардчилалд шилжих үе гээд”. Тэр чөлөөтэй хүүрнэнэ. “Намайг найман настай байхад манай гэр Сүхбаатар руу нүүсэн юм. Тэгээд намайг дунд сургууль төгстөл арван жилийг тэнд өнгөрүүлсэн. Үүний дараа би Орос руу явж Уралын Политехникийн их сургуульд таван жил суралцсан. Тэнд би орос хэл сурсан юмаа, Аллисон” гэж тэр төгсгөлд нь тодотголоо. Түүний эрс шулуун яриа надад таалагдлаа. Энэ эр бөөрөнхийлж, тойрч давхиад байдаг хүн биш аж.
“Бага нас тань ямархуу байсан бэ” гэж би хэрэгт дурлалаа.
“Амьдрал тун энгийн байсан. Намайг өсч, дунд сургуулиа төгсөх хүртэл телевиз байгаагүй. Бид Сүхбаатарт “Корпус” гэж нэрлэдэг хэсэгт амьдардаг байлаа. Тэндхийнхэн бүгдээрээ барилгын хаалга, цонх, шал хийдэг мод боловсруулах том үйлдвэрт ажилладаг байлаа. Энэ үйлдвэр 1000 гаруй ажиллагсадтай, хөлсөлдөг байр, эмнэлэг, сургууль, номын сан гээд юм юмтай байсан. Сүхбаатар хотын нэг хэсэг, тэгээд бүгд хамтдаа ажилладаг ойр дотно хүмүүс байлаа”.
“Маш сайхан дурсамжууд үлдсэн. Ялангуяа Орхон, Сэлэнгэ голын бэлчирт, маш өргөн гол устай нутаг, зундаа бид бараг л усанд амьдардаг байсан даа. Усанд сэлэх, боргилон урсч буй ус гатлах гээд зугаатай зүйл их байж” хэмээн үргэлжлүүлэв.
Голын эргээр элбэг ургах зэрлэг, боловсорч гүйцсэн жимс араанд амтагдтал тод дүрслэлтэйгээр ноён Энхболд дурсав. Залуу насныхаа бас нэгэн гэгээн дурсамжийг надад ярихдаа түүний нүд гялтганаж байлаа.
“Өвлийн цагт бидэнд үйлдвэрээс ямар байх ёстой, тийм хэмжээтэй хоккейн талбай барьж өгдөг байлаа. Гайхалтай сайхан” хэмээн уулга алдаад “Мэдээж гол дээр биш л дээ, олон гэр бүл амьдардаг манай гурван давхар байрны дэргэд. Яг сургуулийн дэргэд байсан”.
“Бид бас ууланд цанаар гулгадаг байлаа, мэдээж цанын өргүүр юү гэж байхав. Уулнаас уруугаа, тэгш газар хөндлөн гулд гулсахыг гайхалтай хослуулдаг байлаа” гэж тэр дурсав.
Тэр над руу хараад “Тэр жижиг хотын дэлгүүрүүдэд хоккейн цохиур, цана, тэшүүр худалддаг байсан гээд бод доо. Үргэлж л байж байдаг, дэлгүүрээс олж болох зүйлсийн нэг байлаа. Одоотой адилгүй хэдийд ч худалдаж авахад их амархан байсан” гэв.
Бидний ярианы сэдэв өөрчлөгдлөө. Өнөөгийн Монголын талаар тэр юу бодож явдаг бол? Өршөөлгүй цаг цохилсоор.
“Монгол маш эрч хүчтэй, давшингуй улс болсон, ялангуяа 1990-д оноос хойш. Маш хурдтай өөрчлөгдөж байна, гэхдээ сайн тал уруугаа өөрчлөгдөж байна гэж би боддог. Мэдээж олон хүн энэ өөрчлөлтийг илүү хурдан болоосой гэж хүлээж байгаа, гэхдээ манай одоогийн хөгжил маш хурдтай байгаа”.
Тэр гүн амьсгаа аваад Зүүн гурван аймгаар долоо хоногийн өмнө аялсан тухайгаа өгүүлэв. “Би Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээр яваад ирлээ. 2009 оноос хойш эдгээр аймгийн өнгө төрх гайхалтай өөрчлөгдөөд байна. Танихад бэрх болжээ”.
Тэгээд тэр Зүүн аймгуудад томилолтоор ажилласан шалтгаанаа тайлбарлав. “Манай оронд газрын тос хангалттай бий. Монгол газрын тосны гол экспортлогч улс болно. Энэ онд бид 480,000 тонн газрын тос, ирэх жил 770,000 тонныг гадагш гаргана. 2015 онд бид нэг сая тонноос их газрын тос экспортлох боломжтой болсон байна”.
“Гайхалтай. Тэгэхээр зөвхөн нүүрс, зэсний тухайд биш байх нь” гэж би хариу хэлэв.
“Үгүй ээ, бид одоо ч газрын тос экспортолж байгаа” гэж тэр итгэлтэй хэллээ. “Газрын тосны экспортыг бид нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд ашиглана. 1992 онд Монголын Засгийн газар “Тексас” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсан. Сүүлдээ тэд гэрээгээ “Петро Чайна”-д худалдсан. Газрын тос хайж олох бүх эрсдэлийг хувийн компаниуд үүрнэ. Тэд газрын тос олоход Монголын Засгийн газар өөрийн хувийг хүртэх юм. Ингэснээр Оросын газрын тосны маш өндөр үнийг бууруулна гэж бид итгэж байгаа. Манай газрын тосыг боловсруулж эргээд Монгол руу явуулах гэрээг Монгол Улс сая Хятадын газрын тос боловсруулах үйлдвэртэй байгуулсан. Энэ бол том хөшүүрэг. Бид шатахуун түгээх станцад америкчуудын төлдгөөс илүү ихийг төлдгийг та мэдэх үү? Монголд энэ талбарт маш их боломж байна”.
“Монголын хуучин амьдралын хэвшлээс Танд үгүйлэгддэг зүйл байдаг уу?” Бидний цаг дуусах дөхжээ.
Тэр бодлогоширонгуй хариуллаа. “Манай улс маш хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Өмнө нь бид маш удаан, тайван амгалан, хуучнаа хадгалсан амьдралын хэвшилд дассан байлаа. Үүнийг одоо ч гэсэн хөдөөд мэдэрч болно л доо. Огт яарахгүй, цаг товлож төлөвлөхгүй. Өглөө, үдээс хойш гэсэн хоёрхон цагийн шатлалд амьдарна. Харин одоо хотод бидний амьдрал минутаар хэмжигдэж байна. Маш хурдан, бага зэрэг галзуу гэмээр амьдрал”. УИХ-ын даргатай санал нийлэхгүй байхын аргагүй.
Монголд түүний хамгийн дуртай газрыг нь мэдэхийг хүслээ. Тэрээр “Хаа сайгүй” хэмээн дипломат байдлаар хариулаад хэсэг дуугаа хурааснаа санагалзсан харцаар “Өвөрхангай” гэж инээмсэглэл тодруулан хэллээ. Энэ бол Энхболдын хоёр удаа сонгогдсон аймаг юм.
“Би гурав дахь удаагаа сонгогдоод байгаа, гэхдээ Хархорин миний хуучин тойрогт багтдагийг Та мэдэх үү?”
Би үүнийг мэдэж байсан л даа, гэхдээ Монголын соёлын болон шашны хамгийн чухал хот байж ч болох энэ газар очиж үзээгүйдээ ичив. Чингис хааны байгуулсан Их Монгол улсын нийслэлээр 1220 онд Хархорин сонгогдсон юм билээ.
“Одоо миний тойрог байхаа больсон” гэж тэрээр харамссан өнгөөр хэлээд Орхон гол Өвөрхангай аймгаас эх авдгийг дурдлаа. “Энэ нутагт очих юм бол та хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүд, ууланд тогтсон гайхамшигтай найман нуур, бүүр Хужиртын халуун рашааныг ч үзнэ шүү дээ”.
Европын холбооны Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч, хэвлэлийнхэн ноён Энхболдыг хүлээж байлаа. Надад олдсон ахархан хугацаанд би даруу хэрнээ цог хиймортой УИХ-ын даргын талаар өнгөцхөн дүр зургийг буулгаснаа ухаарч байна. Түүнтэй уулзахад үнэхээр таатай байлаа.
Аллисон Сибон