logo
Гадаад харилцааны дэд сайд Филиппинд айлчлав

Гадаад харилцааны дэд сайд Филиппинд айлчлав

2013/03/21
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 3 дугаар сарын 18-19-нд Бүгд Найрамдах Филиппин Улсад ажлын айлчлал хийв.Түүнийг   Филиппин улсын Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр хоёр улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн талбарт хамтран ажиллахын чухлыг талууд онцлон  тэмдэглэв.

Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улс  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгааг дурдаад, энэ хүрээнд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, ирэх  4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод зохиогдох АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулж, тус хуралд филиппиний талаас өндөр хэмжээнд төлөөлөгч оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Филиппин улсын Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио 2013 онд Монгол, Филиппин улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, ойн хүрээнд хоёр талын Гадаад харилцааны сайд нарын харилцан айлчлалыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.

Дэд сайд Д.Ганхуяг айлчлалынхаа үеэр Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийг хариуцсан захирал Роберт Витол, Филиппиний хувийн хэвшлийн төлөөлөлтэй тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны  асуудлуудаар санал солилцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш