УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, БОХХААБайнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон бусад холбогдох албаны хүмүүс Хөтөлийн "Цемент-Шохой" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын 2010 оны 2 дугаар сарын 4-ний 11-р тогтоол, ЗГ-ын 2010 оны 4 дүгээр сарын 7-ны 86-р тогтоолд: “Хөтөл тосгоны дулаан хангамжийг бие даасан байдлаар шийдвэрлэх, үйлдвэрлэлийн техник технологийг шинэчилж, цементийг хуурай аргаар үйлдвэрлэдэг болгон, үйлдвэрлэлийн хэмжээг 1 сая тоннд хүргэх нөхцөлтэйгээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу Хөтөлийн "Цемент-Шохой" ХК-ийн удирдлага 2012 оны 4 дүгээр сараас 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын шинэ технологийн үйлдвэр барьж эхэлжээ.
Стратегийн ач холбогдол бүхий энэ том төсөл, өргөтгөлийн ажлын хөрөнгө оруулагчаар гадны бус дотоодын хөрөнгө оруулагч “Бейзмент” компани, Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн зураг төсөл хийх, барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах гээд Герман, Хятад, Монголын 8 байгууллага хүч нэгдэж ажиллаж байна.
1 сая тоннын энэ үйлдвэр ашиглалтанд орсноор манай улсын хувьд байгаль экологид хоргүй технологи нэвтрэх, гаднаас авдаг цементийн хэмжээ багасах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн хөгжил, ажиллах хүч, нийгмийн асуудал, барилга орон сууцны чанар, үнэ гээд олон асуудлыг нааштай шийдвэрлэх өргөн боломж гарч ирж байгаа юм.
Өнгөрсөн оны 4-9 сар хүртэлх урин дулааны зургаан сард уг үйлдвэрийн барилгын ажлын явц 85%-тай, тоног төхөөрөмжийн угсралт 30%-тай явагдаж байна. Ирэх сараас эхлэх үйлдвэрийн барилгын ажлын бүх бэлтгэл, тоног төхөөрөмжийн татан авалтыг өвөлдөө хэдийнэ хийж дуусгажээ.
Хөтөлийн цемент нь дэлхийн жишигт нийцсэн чанартай цемент гэдгийг мэргэжлийн байгууллагууд удаа дараа баталгаажуулсан байдаг юм байна. Хөтөлийн “Цемент-Шохой”-н хуурай аргын шинэ үйлдвэр 2013 оны 7 дугаар сард ашиглалтанд орох юм байна. Энд ажилласан УИХ-ын гишүүд болон холбогдох мэргэжлийн байгууллагын хүмүүс их бүтээн байгуулалтын энэ их ажил эрчимтэй сайн явагдаж байгааг үнэлсэн.