Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 01 дүгээр сарын 09—ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хилийн боомтын тухай хууль”- ийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын- Үүд боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ удаагийн томилолтын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтав.
Томилолтын хугацаанд Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ боомтод ажиллаж буй Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хилийн отряд, Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг боомт дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тус тусын чиглэлээр танилцуулга хийж, “Хилийн боомтын тухай хууль”-ийн төслийн талаар санал бодлоо солилцсон юм.
Замын –Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Бэхбат юун тэргүүнд гишүүдэд тус боомтын талаар товч мэдээлэл өглөө. Тус боомт төмөр зам, авто замын хоёр боомттой. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оны 04-р сарын 01-ний өдөр олон улсын байнгын ажиллагаатайгаар нээгдэж байжээ. Шалган нэвтрүүлэх цогцолбор нь 1997 онд өдөрт 2000 зорчигч, 400 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх хүчин чадлын тооцоотойгоор ашиглалтанд орж байсан ч өдгөө тэр үеэс зорчигч, тээврийн хэрэгсэл 3-4 дахин өссөн байна. 2012 онд авто замын боомтоор 1,9 сая зорчигч, 313,201 суудлын машин, 9001 автобус, 100,681 ачааны машин зорчжээ. Түүнчлэн тус боомтоор 2,5 сая тонн бараа бүтээгдэхүүн Монгол Улсад орж ирснийг мөнгөн дүнгээр тооцвол 1,152,325.0 мянган ам доллар болжээ. Нийт импортын барааны 72,2 хувийг барилгын материал, үүний 59 хувийг цементний импорт эзэлдэг байна. Харин боомтын талбайн хэмжээ бага, боомт дотор гаалийн хяналт шалгалт бүрдүүлэлтийг бүрэн хийж дуустал хугацаагаар бараа тээврийн хэрэгслийг зогсоодог зэрэг нь боомтод бөөгнөрөл, түгжрэл үүсгэдэг шалтгаан болдог байна. Тиймээс ачааны боомтыг 2013 онд багтаан барьж дуусгаж, зорчигч болон ачаа тээврийн хяналт шалгалтыг тус тусад нь явуулдаг болохоор төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд рентген II хүртэлх 2.3 км хүнд даацын автозамыг ачааны боомт барьж дуусгахтай зэрэгцэн ашиглалтанд оруулах, рентген хяналтын терминалаас холимог ачааны терминал, ложистик төв хүртэл 9.7 км хүнд даацын авто зам барих, төмөр замд рентген хяналтын тоног төхөөрөмж суурилуулах зэрэг зайлшгүй шийдэх шаардлагата йхэд хэдэн ажил байгаагаа Замын –Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Бэхбат танилцуулгадаа дурьдлаа.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг, “Хилийн боомтын тухай анхны хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Бид хаврын чуулганы хугацаанд багтаан батлах зорилготой байгаа. Хилийн боотм гэдэг улс орны аюулгүй байдлын эхний цэг. Тиймээс боомт дээр аюулгүй байдлыг хангах үүднээс мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, зөв менежментийг ашиглан хөгжлийг идэвхижүүлэх гэсэн хоёр чиглэл барьж ажиллах учритай юм. Саяны танилцуулгыг сонсоод хуулийн төсөлд нарийвчлан тусгах хэд хэдэн зүй байгааг олж харлаа. Тухайлбал, хуулийн төсөлд зөвхөн хилийн боомт гэж ерөнхий нэршлээр тусгасан байгаа бол яг бодит байдал дээр авто замын, төмөр замын боомт гэж тусдаа байна. Мөн байнгын үйл ажиллагаатай боомтоос гадна улирлын чанартай ажилладаг, суурьшлын бүс үүсээгүй олон боомт байгаа учраас боомтуудад зэрэглэл тогтоож, тэр хирээр хуулийн төсөлд тодорхой заалтуудыг оруулах хэрэгтэй юм байна” хэмээв.
Үүний дараа ажлын хэсгийн бүрэлдэхүүн Замын –Үүд дэх Гаалийн газрын үйл ажиллагаатай танилцсан. Улсын хилээр өдөрт дунджаар 500-550 суудлын тэрэг, 150-180 ачаатай болон хоосон ачааны автомашин, бага оврын ачааны автомашин, хөлөөрөө орж ирсэн тээврийн хэрэгслүүд, импортын ачаатай чингэлэг улсын хилээр орж ирдэг байна. Хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийг 2010, 2011 онтой харьцуулан судлахад 2010 оноос зорчигч 142.2, тээврийн хэрэгсэл 103.4-238.2, ачаа тээвэр 273.1, 2011 оноос зорчигч 105.7, авто замаар нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 106-122.9, нийт ачаа тээвэр 176.34 хувиар тус тус өсөж, төмөр замаар нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 94.2-97.4 хувиар буурсан дүнтэй гарчээ. Замын-Үүд дэх Гаалийн газрын орлогч дарга З.Сарынбек хэлэхдээ, “358,9 сая төгрөгийн хураамж, 5340.6 сая төгрөгийн өөрийн орлогыг тус тус улсын төсөвт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж, гүйцэтгэлээр 497,1 сая төгрөгийн хураамж, 5616,4 сая төгрөгийн өөрийн орлогыг тус тус улсын төсөвт оруулж, өөрийн орлогыг 275.8 сая төгрөгөөр буюу 5.2 хувиар, бүрдүүлэлтийн хураамжийг 138,2 сая төгрөгөөр буюу 38.5 хувиар тус тус давуулан биелүүлсэн” гэж танилцуулсан. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар гаалийн байгууллага хэдийн улсын төсөвт орлого бүрдүүлэх үүрэгтэй ч хууль сахиулах үүрэгтэй гэдгээ умартаж болохгүй. Хилийн мэргэжлийн хяналтын газар, гаалийн газар хоёрын хяналт, шалгалтын үйл ажиллагааг нэгтгэх нь цаг хугацаа хэмнэх, ажил үүргийн давхардлыг арилгах давуу талтай байж болохыг онцоллоо.
Түүнчлэн МХЕГ-ын Хилийн мэргжлийн хяналтын газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Хилийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Замын-Үүд дэх хилийн боомт дээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд УИХ-аас Хилийн боомтын тухай анхны хуулийг батлан гаргах гэж байгаад ихээхэн ач холбогдол өгч байгаагаа ажлын хэсгийн гишүүдэд илэрхийлж, хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ.
Л.Жаргалмаа