logo
УИХ-ын дарга З.Энхболдын Канад улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

УИХ-ын дарга З.Энхболдын Канад улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

2013/03/27
УИХ-ын дарга З.Энхболдын Канад улсад хийх албан ёсны айлчлал энэ сарын 25-нд эхэллээ.  Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд амжилттай хийгдэж 2010 онд Монгол Улсын Ерөнхий сайд Канад улсад албан ёсны айлчлал хийж байсан бол энэ удаад УИХ-ын даргын албан ёсны айлчлал болж байна.
  

   Айлчлалын эхний өдөр УИХ-ын даргыг Канад улсын Нийтийн танхимын спикер А.Шийр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга хоёр орны харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дуулгаад цаашид боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Канад улсын боловсролын систем дэлхийд тэргүүлэх байр эзэлдгийг УИХ-ын дарга онцлоод Монголоос оюутан сургах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

   Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үеэр зохиогдох Парламентын форумд идэвхтэй оролцохыг хүсээд, ноён спикерийг Монгол Улсад айлчлахыг урилаа.

   Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх Канад улс нь хөгжлөөрөө ч дэлхийд дээгүүрт орж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

   Канад улсын Нийтийн танхимын спикер А. Шийр 1979 онд төрсөн. Оттавагийн их сургуульд түүх, улс төр судлалын чиглэлээр суралцаж төгссөн байна.

    Канадын парламент нь Сенат, Нийтийн танхимаас бүрддэг бөгөөд Сенат нь бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй бол Нийтийн танхим нь 308 гишүүнтэй, гишүүд нь дөрвөн жилийн хугацаатай сонгогддог байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш