Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа. Удирдамжийн дагуу 03 сарын 29-ний өдөр буюу Баасан гарагт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн дор хуримтлаглсан болон, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ. Мөн аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачих юм байна. Цэвэрлэгээний ажилд Захирагчийн ажлын албанаас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавин ажиллаж, идэвхгүй оролцсон байгууллага, аж ахуйн нэгжийг "Хог хаягдлын тухай“ хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.