logo
Солонгос, Японы техник, технологиос суралцана

Солонгос, Японы техник, технологиос суралцана

2013/04/02

Монголын барилгын салбарын төлөөлөгчид БНСУ-ын “KYUNG HYANG HOUSING FAIR 2013”, Япон Улсын “ECO HOUSE & ECO BUILDING” олон улсын барилгын үзэсгэлэнгүүдээс барилгын салбарын 2013 оны дэлхийн хөгжлийн чиг хандлагатай танилцан аяны ганзага дүүрэн ирлээ.

Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн Танхимаас зохион байгуулсан энэхүү бизнес аялалд манай улсын барилгын салбарынхан Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслүүддээ шинэ санаа, шилдэг технологи нэвтрүүлэх томоохон зорилго өвөртөн БНСУ болон Арлын орон Японыг зорьж, Олон Улсын үзэсгэлэнд оролцсон юм.

Үзэсгэлэнд оролцсон манай улсын барилгын салбарынхан Дэлхийн хөгжлөөс хол хоцрохгүйг хичээж, бүтээн босгох төсөлдөө шинийг эрэлхийлэх барилгачдын зүтгэл хөгжингүй орнуудыг чиглэж, өндөр технологийг сорчлох хайгуулаар дүүрэн бийг энэ аялалаас харж болохоор байлаа.

“KYUNG HYANG HOUSING FAIR 2013” Үзэсгэлэн

БНСУ-ын “KINTEX” үзэсгэлэнгийн талбай нь  61 836 мкв. Үзэсгэлэнд тавилга, интерьер, барилгын тоног төхөөрөмж, шал дээврийн материал, сантехник, модон болон зөөврийн байшингийн шинэ технологиудыг танилцуулсан байв.

Дэлхий дахины барилгын материал, бүтээгдэхүүн байгальд хоргүй, эко технологид шилжсэнийг үзэсгэлэнгээс харж болно. Тухайлбал, халуун усны бойлерууд цахилгааны хэрэглээг 17 хувиар бууруулж хэмнэлт үзүүлэх болж, борлуулалтын үнэ 70 мянган воны ханштай байгаа нь хямд бөгөөд эрүүл болохыг үйлдвэрлэгчид онцолж байлаа.

Ус, чийгнээс хамгаалах шингэн шүршдэг силикон барилгын салбарт шинэ бүтээгдэхүүний тоог нэмжээ. Байшингийн завсар, нүх сүвээр шүршихэд битүүрч, ус чийгнээс найдвартай хамгаалах технологи аж. Мөн хөнгөнцагаан болон алтны хольцтой дээврийн хучилт нь далайн давсны найрлагатай. Хөнгөн авсаархан хийцэт дээвэр нь ус чийгнээс хамгаалж, зурагдаж өнгөө алдахгүй бөгөөд 200-500 жилийн баталгаа олгохоороо сурталчилгааны томоохон хэлбэр болж байлаа.  Зах зээлд мкуб нь 60 мянган воны үнэтэй байна.

Ухаалаг хөргөгч хүнсний аюулгүй байдлаас хамгаалах үүрэг хүлээж эхлэх нь ээ. Муудаж, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүний мэдээллийг эзэндээ өгч, эрүүл аюулгүй амьдрах хэрэглээ бүхий ухаалаг хөргөгч удахгүй худалдаанд гарах аж.

Арьсны эмгэг өвчлөл, хөгшрөлтийн шалтгааныг сануулж анхааруулах технологи бүхий толинууд, мөн гэр, ажлынхаа орчныг хаанаас ч удирдаж, хяналтандаа байлгах боломжит төхөөрөмжүүд гээд шилдэг технологийн гайхамшгуудыг “KYUNG HYANG HOUSING FAIR 2013” үзэсгэлэн танилцуулж байлаа.

WORLD SMART ENERGY WEEK 2013

Жил бүр уламжлал болон нээгддэг байгальд ээлтэй барилгын үзэсгэлэн Япон Улсын Токио хотноо болсон нь Сэргээгдэх эрчим хүчний технологи байлаа.

Сэргээгдэх эрчим хүч, түлшний элемент, нарны зайн батарей зэрэг технологиор мэргэшсэн орнууд болох Канад, Герман, Японы томоохон компаниудын танилцуулга энд төвлөрсөн байв.

“Tokyo big sight” үзэсгэлэнгийн танхимд сонирхолтой олон төсөл  танилцуулснаас онцолбол Монгол Орны эрс тэс уур амьсгалд тохирсон буюу -50 иас + 50 хэмд ажиллах боломжит бүтээгдэхүүнүүд юм.

Эдгээр технологи нь литионы батарей, түлшний элементээр цахилгаанаар ажиллах жижиг хөдөлгүүрүүд байсан нь, эрчим хүчээ хангахад хүндрэлтэй монголын нөхцөлд эрэлттэй бүтээгдэхүүн болохыг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Түлшний элементийн технологи болох Full cell гэхэд цахилгаан, дулааныг давхар үйлдвэрлэх боломжтой болжээ.  Хөдөө нутагт гэрийнхээ дэргэд дэд станц байгуулаад хараат бусаар хэрэглээгээ хангах боломжит технологиуд шинэ бүтээгдэхүүний дээж байсан.

Түүнчлэн Японы “Daiwa house group”-ын шинэ төсөл болох нарны эрчим хүч ашиглаж, илүү гарсан нөөцөө цаашид хэрэглэж, хянах боломж бүхий төхөөрөмж нь олны анхаарлыг татаж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш