logo

"Арслан хот"-той аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

2013/04/03
Сингапурын “Changi” олон улсын нисэх буудлын удирдлага болох ноён W.W.Liong, тэргүүн дэд ерөнхийлөгч L.C.Kiat нар Нийслэлийн Аялал жуулчлалын газарт зочилж хоёр талын аялал жуулчлалыг идэвхтэй сурталчлах замаар Монгол-Сингапурын хооронд жуулчны урсгал бий болгох, цаашилбал Сингапур-Улаанбаатарын хооронд шууд нислэг нээж, Төв Ази, Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн зорчигч урсгалыг татах боломжийн талаар санал солилцлоо.Хоёр улсын хооронд жилдээ 8000 орчим иргэн харилцан зорчиж байгаа бөгөөд шууд нислэг нээсэн тохиолдолд энэ тоо эрс нэмэгдэхээс гадна Зүүн Өмнөд Ази, Австралийн бүс нутгаас Монголд ирэх жуулчдад шинэ гарц, дамжин өнгөрөх дөт боломж бий болох юм. 2012 оны Ази-Номхон далайн  бүсийн “Шилдэг маркетингтай” нисэх буудлаар шалгарсан, дэлхийн хамгийн том, нэр хүндтэй нисэх буудлуудын нэг болох тус буудлаас 109 агаарын тээврийн компани дэлхийн 61 орны  235 хот руу долоо хоногт 6478 нислэг үйлддэг аж. Жилд 52 сая гаруй зорчигч хүлээн авдаг “Changi” нисэх буудал Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгаа, маркетинг явуулах тал дээр нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллахаар болсон байна. Дашрамд дурьдахад хэдхэн хоногийн өмнө Герман улсын нийслэл Берлин хотын Аялал жуулчлалын товчооноос Улаанбаатар хотод сурталчилгааны өдөрлөг зохион байгуулсан билээ. Тухайн улсынхаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл басхүү аялал жуулчлалын төв болдог нийслэл хотуудын хамтын ажиллагаа өргөжиж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш