logo
Монгол-Сингапурын бизнес форум боллоо

Монгол-Сингапурын бизнес форум боллоо

2013/04/03
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 3 дугаар сарын 20-21-нд Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэхүү айлчлалтай уялдуулан Сингапурт анх удаа “Монгол-Сингапурын бизнес форум”-ыг Сингапур дахь ЭСЯ-наас санаачлан зохион байгууллаа.

Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа,  Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Сингапурын Бизнесийн Холбооны Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён В.Тай нар чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэхүү форум нь хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин хөгжих, хот байгуулалт, төлөвлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа бий болгох, харилцан туршлага солилцох зэрэг олон талын ач холбогдолтой болохыг онцоллоо.

Мөн Дэд сайд Д.Ганхуяг, Элчин сайд Б.Дэлгэрмаа нар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтот хөтөлбөрүүдийн талаар төлөөлөгчдөд танилцуулав.

Монгол, Сингапурын төр, хувийн хэвшил, бизнесийнхний 140 гаруй зочид төлөөлөгч оролцсон уг форум нь манай улсын дэд бүтэц, аялал жуулчлал, эрүүл мэнд, барилга, хот байгуулалтын салбарт төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж, энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах, туршлага солилцох, эдгээр салбарт Сингапурын сонирхлыг бий болгох, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох зэрэг зорилтууддаа хүрч чадсан арга хэмжээ боллоо.

Энэхүү Бизнес форумд монголын талаас Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Бэлэгсайхан болон Эрүүл мэндийн салбарын чиглэлээр Friendship Nomun Hospital-ийн СЕО ноён Лиам Повер нар оролцож, эдгээр салбарын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь Сингапурын бизнес эрхлэгчдийн анхааралыг ихээр татсан бөгөөд Сингапурын талаас Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын  сургуулийн профессор Т.Додо болон Сингапурын Бизнесийн Холбооны  Гүйцэтгэх захирал Тиан Тай нар оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш