logo
Ховдчууд нийслэлээс ч илүү утаан дунд амьдарч байна

Ховдчууд нийслэлээс ч илүү утаан дунд амьдарч байна

2013/04/03
Шударга ёсыг түгээн дэлгэрүүлэхээр Баруун бүсэд ажиллаж байгаа Шадар сайд Д.Тэрбишдагва Ховд аймгийн удирдлагууд болон Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээр орж ажил байдалтай нь танилцлаа. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан ажил байдлаа танилцуулаад “Ховд хотын хамгийн тулгамдсан асуудал утаа болж байна. Манай 8000 гаруй хүн амын 6000 гаруй нь гэр хороололд амьдарч байн. Мөн улсын болон хувийн 83 уурын зуух ажиллаж байна. Тиймээс II цахилгаан станцыг энэ ондоо багтааж ашиглалтад өгөх шаардлагатай байна. Ингэж чадвал бүх уурын зуухнуудыг хаах боломжтой. Мөн цахилгаан станцаас үүдэн 1500 айлын орон сууцыг барьж, хувийн байшиндаа амьдарч байгаа 1200 орчим өрхийг төвийн шугаманд холбох боломжтой” гэсэн юм. Ховд хотыг утаанаас нь салгаж цахилгаан станцаа барьж байгуулахад улсын төсвөөс гаргаж өгсөн 3 тэрбум төгрөг хаанаа ч хүрэхгүй байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлыг холбогдох хүмүүст уламжилж өгөхийг Шадар сайдаас хүссэн юм. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ жил төсвийн тодотгол хийгдэхгүй. Тиймээс хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэх нь юу л бол. Гэхдээ би Ерөнхий сайд болон Сангийн сайд Ч.Улаантай ярилцана. Энэ яах аргагүй шийдэх ёстой асуудал мөн. Гэхдээ Хөшөөт гэдэг стратегийн ийм том уурхайтай Ховдчууд өнөөдөр утаан манан дунд амьдрана гэдэг байж болохгүй асуудал. Яагаад Монголчууд бидний өмчийг худалдаж идэж байж ганцхан Ховдчуудыг кокосжисон нүүрсээр хангаж чадахгүй байгаа юм. Энэ бол шударга бусын туйл. Тиймээс нутгийн та бүхэн энэ бүхний эсрэг тэмцэх хэрэгтэй. Тэд биднийг алтыг нь аваад хаясан авдар болгож хаяахаас өмнө та бид тэмцэхгүй юм бол өөр хэн тэмцэх ёстой юм бэ” гэсэн юм.
    Тус аймгийн удирдлагууд Засгийн газрын гишүүдийн өмнө “сайн” гэсэн үнэлгээ авч чадсан юм. Учир нь тэд төрөөс санхүүжилт шаардах зайлшгүй асуудлаас бусдыг өөрсдөө шийдвэрлэж байхыг хичээж байгаагаа уулзалтын үеэр ярьж байсан. Засаг дарга Д.Цэвээнравдан ойрын жилүүдэд цементийн үйлдвэр барьж барилгын гол түүхий эдийг үйлдэрлэж байх, хувьцаа эзэмшүүлэх замаар иргэдтэйгээ хамтран худалдааны төв барихаар төлөвлөж байгаагаа ярьсан юм. Мөн Онцгой байдлын хэлтсийнхэн иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд олон ажил санаачилан ажиллаж байгаагаа хэлж байсан.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш