logo
Ерөнхий прокурор Д.Дорлигжав Австри Улсад ажлын айчлал хийж байна

Ерөнхий прокурор Д.Дорлигжав Австри Улсад ажлын айчлал хийж байна

2013/04/05
Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид энэ сарын 2-ны өдрөөс  Бүгд Найрамдах Австри Улсад ажлын айчлал хийж байна. Түүний хамт Улсын Ерөнхий прокурорын туслах, сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд нар ажиллаж байна.

Төлөөлөгчид  өчигдөр Австрийн Холбооны Улсын Ерөнхий прокурорын газарт зочилж, Австрийн  Холбооны Улсын Ерөнхий прокурор Эрнст Ойген Фабрицитай уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, шүүхийн  шинэтгэлийн  тухай танилцуулав. Тэрээр сүүлийн жилүүдэд  эдийн засгийн шинжтэй томоохон гэмт хэргүүд, хүн худалдаалах,  хар тамхи зөөвөрлөх гэх мэт шинэ төрлийн гэмт хэргүүд гарах болсон нь хуулийн байгууллагын ажилтнуудыг чадварлаг, мэргэшсэн байхыг шаардаж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн  Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэд прокуроруудыг  бэлтгэх, давтан сургах сургалт, судалгааны төв ажиллаж байгааг танилцуулж, Австрийн прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, тодорхой төсөл хэрэгжүүлэх, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавив. Австрийн Холбооны Улсын Ерөнхий прокурор Эрнст Ойген Фабрици 1994 онд Австрийн Холбооны Улсын Ерөнхий прокурорын туслах байхдаа манай улсад айлчилж байсан тухайгаа дурсан ярихын сацуу  хоёр орны прокурорын байгууллагын хооронд хамтран ажиллахыг дэмжиж  байгаагаа илэрхийлэв.

Мөн өдөр Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Вена мужийн Ерөнхий прокурор Вернер Плайшлтай уулзав. Ерөнхий Прокурор Д.Дорлигжав Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ жил түүнтэй ийнхүү уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Вена мужийн Ерөнхий прокурор Вернер Плайшл Австрийн прокурорын байгууллагын тогтолцоог танилцуулж,  хүн худалдаалах, хар тамхи тээвэрлэх, үндэстэй дамнасан гэмт хэргийг мөрдөх тусгай алба болох Эдийн засаг, авилгын гэмт хэрэгтэй тэмцэх прокурорын газрыг Австри 4 жилийн өмнө байгуулсныг онцлов. Энэ чиглэлийн ажиллагаа эрхлэх прокурорууд хуулийн мэргэжилтэй байхаас гадна эдийн засгийн мэргэжлээр дахин 2 жил суралцсан байх журамтай аж.

Энэ өдрийн үдээс хойш Ерөнхий прокурор Д.Дорлигжав Авлигын эсрэг олон улсын академид зочилж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга М.Кроитнер болон бусад ажилтантай уулзав. Уулзалтын үеэр тус академийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөртэй танилцан цаашид хамтран ажиллах чиглэлүүд, түүний дотор Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан хөтөлбөр боловсруулах, семинар сургалт зохион байгуулах асуудлыг хөндөн ярилцав. М.Кройтнер авилгатай тэмцэх, хамтарсан сургалт зохион байгуулах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Эдгээр уулзалтад манай улсаас Австрид суугаа Элчин сайд Г.Батжаргал оролцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш