logo
“Сэтгэл байхад” аян үргэлжилж байна

“Сэтгэл байхад” аян үргэлжилж байна

2013/04/09

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын эрүүл мэндийн хорооноос санаачлан зарлаж буй “Сэтгэл байхад” аяны хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын өдөр өнжүүлэх “Ивээл энэрэл” төвийн хагас болон бүтэн өнчин 50 хүүхдэд энэ сарын 6-ны өдөр эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийлээ.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд, Залуучуудын эрүүл мэндийн хорооны дарга Ж.Амарсанаа, ЗЭМХ-ны дэд дарга Х.Бат-Ирээдүй болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга, ЗЭМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Цэрэнбат болон эмч нарын төлөөлөл зэрэг 30 гаруй хүн оролцжээ.

Уг арга хэмжээнд 4-15 насны хүүхдүүд хамрагдсан бөгөөд хүүхдүүдэд эрүүл мэндийн ерөнхий үзлэг, чих хамар хоолой, шүд, арьс судлал, нүд, дотор, цагаан хорхойн шинжилгээ зэрэг анхан шатны үзлэг, шинжилгээ хийн карт нээж шаардлагатай эмчилгээ, витаминжуулалтад хамруулсан байна. Үзлэгийн үеэр уушигны хатгалгаатай нэг хүүхдийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн шаардлагатай арга хэмжээ авлаа.

Аяны хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хамт олон ажилчдынхаа дунд “Ивээл энэрэл” төвийн хүүхдүүдэд туслах хандивын хайрцаг аялуулан цугласан мөнгийг бүтэн өнчин хүүхдүүдэд 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж өгөхөөр болжээ. “Сэтгэл байхад” сайн үйлсийн аян 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш