Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ удаан хүлээсэн фэнүүдийнхээ сэтгэлийн хүлээсийг тайлахаар шийджээ. Тэрбээр Ирландад урлагийн менежмэнтийн чиглэлээр суралцаж, мэдлэг боловсролоо бататган, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн. Энэ хугацаанд түүний “Өр өвтгөх юм бүхнийг дуул” хэмээн сэтгэл хөвсөлзөж, зүрх булгилтал дуулахыг үгүйлж байсан хүн цөөнгүй. Тэгвэл эрхэм гавьяат “Монголын тухай” хэмээх тайлан тоглолтоо үзэгч олондоо толилуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж.
Нэгэн цагт дуучин Э.Оюумаагийн хамт “Амрагхан чамдаа” зориулан “Сэтгэлийн хур”-аа шиврүүлж явсан тэрбээр энэ удаа эх болсон монгол орноороо бахархсан омогшилоороо түмэн олноо уухайлан, уянга яруу ая дуугаараа сонорыг нь мялаан, зүрхийг нь баясгах нь ээ. Сэтгэлийн цэнгэл, ухаарлын дээдийг хайрлах түүний дуунуудыг саатан сонсохыг хүсвэл энэ сарын 17, 18-нд Бөхийн өргөөг зориорой.