logo
АНУ-ын Хьюстон хотын коллежийн оюутан 14 хүнийг хутгалж шархдуулжээ

АНУ-ын Хьюстон хотын коллежийн оюутан 14 хүнийг хутгалж шархдуулжээ

2013/04/11
АНУ-ын Техас мужийн нэгэн коммунити коллежид оюутан хутга барин 14 хүнийг шархдуулсан хэрэг Мягмар гаригт гарчээ. Энэ халдлага АНУ-ын дөрөв дэх том хот болох Хьюстоноос баруун хойшоо 40 километрийн зайд орших Кипресс дэх “Lone Star Community College System” коллежийн хотхонд орон нутгийн цагаар өглөөний 11:20 цагт болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 12 хүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний дотор хүнд бэртэл авсан дөрвөн хүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. Харин цөөн тооны хүмүүс эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгүүлэхээс татгалзсан байна. Хэрэг гарах үед авто машины хөдөлгөөнийг сургуулиас хол байлгах ёстой гэсэн хууль тогтоогчдын зааварчилгааны дагуу оюутнуудыг зөөвөрлөдөг унаанууд урт дараалал үүсгэн зогссон байсан бөгөөд энэ үеэр ажилчид коллежийн хотхон руу уван цуван явцгааж байжээ. Хэргийн талаар цагдаагийн  ажилтан Шерифф Адриан Гарсиа ярихдаа “Бид энэ хэрэгтэй холбоотой нэг сэжигтнийг саатуулсан. Сэжигтэн одоогоор хоригдож байгаа. 21 орчим насны тэр залуу энэ коллежийн оюутан” гэжээ. Тус сургуулийн дэд захирал Ранд Ки хэлэхдээ “Манай сургуулийн зүгээс хэрэг явдал болсон даруйд түгшүүр зарлаж, хүмүүсийг хоргодох байр руу оруулсан. Цагдаагийхныг дуудаж аюулгүй байх бүх арга хэмжээг авсан. Өнөөдрийн хувьд коллеж ажиллахгүй. Харин маргааш цагийн хуваарийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа явуулна” гэжээ. Энэ хэрэг явдалтай холбоотой хоёр дахь сэжигтэн байж болзошгүй гэж таамguлаж байгаа боловч албаныхан энэ хэргийг нэг хүн үйлдсэн гэдэгт итгэлтэй байна.

Д.Амар


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш