Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.
Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өмнө нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед түүний урилгаар Монголд айлчлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал асуудал хэлэлцэж Хархоринд очиж Хөшөө цайдам дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг эргэж байсан юм. Энэ удаа ч ноён Рэжэп Тайип Эрдоан тэнд очиж Тоньюкүкийн хөшөөг эргэхээр болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан нарын уулзалт тэр үеийг дурссан эртний андуудын яриагаар эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Таныг Монгол Улсад айлчилж байгаад маш их баяртай байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөтгөн бэхжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Манай хоёр ард түмэн олон зууны тэртээ нэг газар нутагт хаяа дэрлэн оршин сууж байсныг гэрчлэх олон хөшөө, дурсгал Монгол нутагт байдгийг та сайн мэднэ. Та тэнд 2005 онд очиж байсан. Түүнээс хойш хөшөө, дурсгалуудыг хамгаалах олон ажил хийж зам тавьсан. Хөшөө, дурсгалуудыг хамгаалах байшин, барилга барьсан.
Хоёр улс 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэнд бид их баяртай байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар, Туркийн ард түмэнд танаар уламжлан чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс Бүгд Найрамдах Турк улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөрш гэж албан ёсоор тодорхойлсон байдаг.
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-28-нд Анкара хотод Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хуралдаан амжилттай болсон. Хоёр улс юуны өмнө барилга, хот байгуулалт, арьс шир боловсруулах шинэ цогцолбор байгуулах болон аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцож байгааг зүйтэй гэж үзэж байна” гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн мэндчилгээг Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Абдулла Гүлд дамжуулж, Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгатайг уламжилж өгөхийг хүслээ.
Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан “Туркийн иргэний агаарын тээврийн компани Улаанбаатар руу хийдэг шууд нислэгээ долоо хоногийн өдөр болгон хийхээр төлөвлөж байна. Өчигдрийн байдлаар хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих асуудлаар гарын үсэг зурсан. Үүнээс хойш хоёр улсын хооронд харилцан айлчлал нэмэгдэх байх гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс, Туркийн хооронд худалдааны эргэлт бага байгаа. Гэхдээ энэ байдал хурдтай нэмэгдэнэ гэж үзэж байна. 2015 он гэхэд худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт тавиад байна” гэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд нар олон улсын асуудлаар санал солилцов.