logo
Л.Эрдэнэчимэг: Эх хүн хүүхэд төрүүлж, хүмүүжүүлж байгаа нь ажлын байр юм гэж үзэж байгаа

Л.Эрдэнэчимэг: Эх хүн хүүхэд төрүүлж, хүмүүжүүлж байгаа нь ажлын байр юм гэж үзэж байгаа

2013/04/15
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар иргэдээ олон болгохын төлөө ирэх дөрвөн жилд ажиллана гэсэн. Энэ үүднээс эхчүүдэд халамж өгөх асуудлыг ярьж эхэлсэн. Танай УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг үүн дээр хэрхэн хамтарч ажиллах вэ?


-Монгол Улс маань ядаж гурван сая хүн амтай болох шаардлагатай байна. Шинэчлэлийн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагаа бол хүн амаар олшруулах, тэгэхдээ ядуурлыг дэмжсэн биш сэтгэл ханамжтай амьдралтай хүмүүсийг бий болгохын төлөө зорьж байгаа юм. Олуулаа хуулийн төсөл дээр манай эмэгтэй гишүүдийн бүлэг дэмжиж ажиллаж байна. Энэ хуулийн төслийн гол зорилго нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эхчүүдийг дэмжихэд оршиж байгаа. Ер нь эхчүүдэд зориулсан хуулийг халамж гэж нэрлэхээ больё. Энэ бол өөрөө хүн амын бодлого учраас халамжтай холбож ойлгож болохгүй юм гэж үзсэн. Эх хүн Монгол Улсын иргэнийг төрүүлээд, хүмүүжүүлж байгаа нь өөрөө ажлын байр юм гэж үзэж байгаа л даа. Хуулийн төслийн гол санаа нь жирэмсэн эх таван сартайгаасаа эхлэн тэтгэлэгээ авч эхлэх юм. Жирэмсэн үеийн тэтгэлэг хүнсний талон болон мөнгөөр олгогдоно. Амьдралын төвшин доогуур ард иргэдийг харж байхад авч байгаа мөнгөн тусламжаа үр хүүхэд, гэр орондоо зарцуулдаг. Тиймээс жирэмсэн эх хангалттай хүнс хэрэглэж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас хүнсний талон өгөх нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн тэтгэлэг хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа нөхцөлд олгогдоно. Ер нь бодлогын маань ихэнх хэсэг гуравдахь хүүхдээ гаргаж байгаа эхчүүдэд зориулагдана гэж үзэж байгаа. Хүн амын ихэнх хэсгийг харж байхад нэг хүүхэдтэй гэр бүлийн тоо ихэнх хэсгийг эзэлж байгаа юм. Нэг ёсондоо гэр бүл гуравдахь хүүхдээ гаргахгүй байна гэдэг судалгаа гарч ирээд байгаа. Тиймээс гуравдахь хүүхдийг төрүүлэх боломжийг олгоё гэж байгаа юм.  Эмэгтэй гишүүдийн бүлэг үүнд оролцохдоо эхчүүдийг зөвхөн хүүхэд гаргах хэрэгсэл болгож болохгүй. Харин энэ хугацаанд ажлын байрыг нь хадгалах хэрэгтэй. Гурван жилийн дараа ажлын байран дээрээ очихдоо улсад хөдөлмөрлөсөн гэдгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж явах ёстой гэдэг бодлого баримтлах юм.

-Мөнгөн тэтгэлэг нь хэдэн төгрөг байх бэ?


-Гурав дахь хүүхэд төрүүлэхээс эхлээд мөнгөн тэтгэлэг нь нэмэгдээд явна. Сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тал хувьтай тэнцэх мөнгөн тэтгэлэг олгоно. Мэдээж улсын эдийн засгийн нөхцөл байдал нэмэгдээд ирэхээр мөнгөн тэтгэмж нь нэмэгдэнэ.

-УИХ-ын зарим гишүүд хамтран “Хүүхэд харах үйлчилгээ”-г хуульчлах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?


- “Хүүхэд харах үйлчилгээ”  хуулийн төсөл дараагийн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор оруулж хэлэлцүүлнэ. Хуулийг хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудал энд ярилцана. Мэдээж бид энэ хуулийг хэлэлцүүлэх тал дээр нэлээд лобби хийж байгаа. Бараг хэлэлцэгдэх байх гэж найдаж байгаа.  

- УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдэд нөхөн олговор олгох тухай асуудлыг хөндөж эхэллээ. Энэ талаар тайлбарлаач?


-Бид энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэд албан бичиг хүргүүлж тэтгэврийн зөрүүг арилгах боломж бий эсэхийг судалж хариу өгөхийг хүссэн. Өнгөрөгч 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын 126 дугаар тогтоолоор дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу  20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж зохицуулсан нь 35-45 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь шалтгалан албадан тэтгэвэрт гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, 1991 онд  энэхүү тогтоолын дагуу тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд яг ажиллах насандаа албан шахалтаар тэтгэвэрт гарсан байдаг. Өнөөдөр ажилласан жил хүргэхгүй гэсэн шалтгаанаар эдгээр эмэгтэйчүүд 80-120 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тухайн үед тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд одоо 60-65 наснынхан. Энэхүү тогтоол нь олон арван жилийн турш тэдгээр эмэгтэйчүүдийн ажиллах эрхийг боогдуулж, ар гэрийхнийг нь хохирооход хүргэсэн юм.  Тэр үед эдийн засгийн дараалсан хямрал  тохиож, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хаагдаж социализмын үед байгуулсан, эмэгтэйчүүд голлон ажилладаг нийгмийн үйлчилгээний сүлжээ нуран унаж,  орон тооны цомхотгол хүчээ авч байсан үед ийм шийдвэрийг бодлогоор гаргасан гэж хэлж болно. Тиймээс 2012 оны есдүгээр сард батлагдсан “Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох  хууль батлагсан. Дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд нь өөрөөс  үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Ингэж хохирсон хэчнээн эмэгтэй байдаг юм вэ?


-Бид хариуцсан яам руу тоог нь гаргаж өгөөч ээ гэсэн албан бичиг явуулсан. Ер нь бол 44 мянган иргэн анх хүсэлт тавьсан байдаг юм билээ. Үүнээс асуудал нь шийдэгдсээр байгаад одоо хэдэн хүн үлдсэн бэ гэдэг тоо бидний гар дээр ирээгүй байна. Ямар ч байсан бидний багцаагаар 20 гаруй мянган эмэгтэйчүүд байгаа байх.

-Та бүгдийн санаачилсан Тамхины хяналтын тухай хууль хэрэгжээд сар гаруй хугацааг үдэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн гомдол санал ирэв үү?


-Их олон санал бидэнд ирж байгаа. Тамхины хяналт хэрэгжихгүй байгаа газар орц хонгил байна гэсэн санал бидэнд ирсэн. Тиймээс бид Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд албан бичиг явуулсан. Ер нь Сууц өмчлөгчдийн холбоод орц хонгилдоо тамхины хор хөнөөлийн талаар суртал ухуулга наах ёстой юм.

-Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс ямар хариу ирүүлсэн үү?


-Одоохондоо хариугаа ирүүлээгүй байна. Тэд манай албан бичгийг бүх Сууц өмчлөгчдийн холбоод руугаа явуулах ёстой. Тэд нар арга хэмжээ авахгүй бол бид арван хоногийн дараа томоохон шалгалт явуулж Сууц өмчлөгчдийн холбоодтой арга хэмжээ тооцно. Ер нь үүргээ хүлээж чадахгүй байгаа албан байгууллага, хүмүүстэй хатуу хариуцлага тооцно.

-Тамхины хяналтын тухай хуулийг дагаад архиндаа ч ялгаагүй хяналт тавих нь зүйтэй гэдэг яриа гарч байна. Та архитай тэмцэх хууль санаачилахаар ажиллаж байгаа гэсэн?


-Тойрог дээрээ ажлаад явж байхад Тамхины хяналтын тухай хууль гоё хууль болсон байна гэж иргэд маш их ам сайтай байсан. Тэгээд араас нь бидэнд маш том даалгавар ирүүлж байгаа юм. Энэ юу вэ гэхээр чуулганаар Архины хяналтын тухай хуулийг гарга гэдэг шаардлага тавьсан. Ер нь архидан согтууруулахтай тэмцэх хууль гарах цаг нь болчихсон шүү дээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас ийм хууль гараад өргөн баригдаад явж байна. Бид нар энэ хуулийг хамтраад хийгээд явна. Архидалтай гол тэмцэх асуудал борлуулалтын цэгүүд байна. Улаанбаатар хотод гэхэд л 320 хүн дутамд нэг архи борлуулах цэг оногдож байна гэдэг судалгаа гарсан. 3500 дэлгүүрээр архи зарагдаж байна шүү дээ. Ихэнх орны архи борлуулдаг цэг нь тусдаа байдаг юм байна. Тэндээ зөвхөн архиа борлуулдаг. Тиймээс архи борлуулдаг цэгүүдийг сонгон шалгаруулж худалдаалах эрхийг нь өгөх ёстой юм. Архи, тамхины татвар ч байнга нэмэгдэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа

У.САРАНГЭРЭЛ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш