logo
Ц.Оюунгэрэл: МАН Лениний музей мэтийн зувчуулсан өмчөө авч үлдэх гэж оролдож байна

Ц.Оюунгэрэл: МАН Лениний музей мэтийн зувчуулсан өмчөө авч үлдэх гэж оролдож байна

2013/04/18
Соёл, спорт, аялал жуулч­лалын сайд Ц.Оюунгэрэлийг “Ярилцах танхим”-даа ури­лаа. Түүнтэй Ерөнхий сайдыг огцруулах Ардын намын санал болон салбарынх нь шинэчлэлийн талаар ярилцлаа.
 
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг Ардын намынхан тавьж байгаа, байнгын хороогоор ч хэлэлцүүллээ. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг та харсан байх. Үндэслэл нь огцруулах хэмжээнийх байж чадах уу?
-Энэ асуудлыг санал хураалтаар шийдэх болов уу. Хаврын бүтээн байгуулалтын үеэр засаг төрийг тогтвортой байлгах ёстой. Энэ нөхцөлд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэрхэхийг УИХ-ын гишүүд санал хураалтын үеэр шийдэх байх.

-Ардын намынхан Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан нь хий улстөржиж байгаа явдал гэж буй. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Хатуухан хэлэхэд тийм шүү дээ. Ажлын үед засаг төрийг замбараагүй, тогтвортой байдлыг үгүй болгоно гэдэг хорлон сүйтгэх ажиллагаатай адилхан. Ард түмнийхээ амьдралыг бодсон бол ийм санал гаргах цаг нь биш байсан юм.

-Огцруулах санал гаргасан гол үндэслэл нь урд, хойд хөршөө анхаардаггүй, гадаадын хөрөнгө оруулалт буурчихлаа гээд байгаа шүү дээ?

-Ер нь бол дотоодынхоо улс төрд гадныхныг татан оролцуулах нь зохимжгүй гэж бодож байна. Хэрэв Ерөнхий сайдад үнэхээр дургүй юм бол дургүй гэдгээ, намынх нь хувьд эсэргүүцэж байгаа бол тэрийгээ хэлнэ биз. Гэтэл үүний оронд заавал гадаад харилцааг татан оролцуулах хэрэг байгаа юм уу. Ямар ч Засгийн газар байсан гадаад харилцаагаа тогтвортой байлгаж, улстөржүүлэхгүй байх ёстой. Энэ нь манай улсын аюулгүй байдалд хэрэгтэй. Гадаад харилцааг ингэж улс төржүүлж буй нь өмнө нь гарч байгаагүй гаж үзэгдэл гэж бодож байна. Тиймээс Ардын намынхан гадаад харилцааг дотоодынхоо улс төр рүү татан оролцуулж, Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлдээ оруулж байгааг таагүй зүйл гэж хүлээн авч байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар танхимын зарчмаар ажиллаж чаддаггүй. Сайд нар нь асуудлыг өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг гэх шүүмжлэл бий?

-Харин ч танхимын зарчмаар ажиллаж, үгээ нэгтгэж чаддаг Засгийн газар гэж би хэлнэ. Тухайлбал нэг асуудлаар танхимын гишүүд санал зөрөлдвөл шийдвэр тухайн долоо хоногтоо гардаггүй. Хойшлуулаад дахин ярилцдаг. V цахилгаан станцын асуудлыг зургаан удаа хойшлуулж байж шийдвэр гаргаж байлаа. МИАТ-ийн онгоц авах зээлийн гэрээний асуудлыг мөн л гурван удаа хэлэлцэж, дөрөв дэх удаагийн хурлаар шийдвэрийг нь гаргасан. Асуудлыг хойшлуулж хэлэлцсэн нь танхимын зарчмаар ажиллаж ирснийг харуулж байна. Танхимын бүх сайдын хүлээн зөвшөөрөх тийм шийдлийг олоод шийдээд явдаг. Сайншандын үйлдвэржилтэд зарцуулах хөрөнгийн асуудлыг хэлэлцэхэд зарим яамны асуудлыг тусгаагүй гэдэг үүднээс буцаж байсан удаатай. Засгийн газарт Ардын намын сайд байхгүй болохоор биднийг цагтаа цуглаж, мэдээллийг ил тод өгч, нэг нэгнийхээ мэдээлэл аваагүй асуудлаар шийдвэр гаргадаггүй болохыг мэдэхгүй байгаа байх нь аргагүй. Миний бодлоор үүнээс өөр яаж танхимын зарчмаар ажиллаж болохыг ойлгохгүй байгаа юм.

-Монгол судлалыг хөг­жүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр Ж.Батзандан гишүүн энэ асуудлыг таныг оруулж ирэх ёстой, ажлаа хийхгүй байна гэж шүүмжилсэн. Мөн таныг Батаар ярихаас өөр юу ч хийхгүй байна гэх юм. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Ж.Батзандан гишүүн нэг зүйлийг мартсан байна л даа. О.Баасанхүү гишүүний оруулж ирсэн Монгол судлалыг хөгжүүлэх тухай хуулийн төслийг яагаад дэмжээгүй вэ гэвэл өмнө нь Монгол судлалын асуудлаар тусдаа сан гаргая гэдэг шийдвэрийг гаргаад төсөвт хөрөнгийг нь суулгачихсан. Энэ хүрээнд Монгол судлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байгаа эрдэмтэдийн үзэсгэлэнг яамны дэмжлэгтэйгээр олон нийтэд хүргэсэн. Энэ үзэсгэлэнг өдөрт 300-800 хүн, нийт 7500 хүн үзэж сонирхсон байгаа юм. Ийм том үзэсгэлэнг зохион байгуулах хэмжээний судалгааны материалыг бэлтгэхэд нь манай яам дэмжээд явсан. Олон нийтэд хүрээд хэрэгжүүлээд явж байгаа энэ ажлыг олж хараагүй болохоор намайг ганцхан Батаар ярьдаг гэж ойлгоод байгаа байх. Миний хийж буй ажлаас хүмүүсийн анхааралд хамгийн их хүрсэн нь Батаар яах аргагүй мөн. Учир нь дэлхийд Монголыг сурталчилж буй брэнд болчихсон. Энэ асуудлыг зөвхөн би биш олон хүн ярина. Ингэснээрээ соёлынхоо олон өвийг буцааж татан авчрах үүд хаалга нээгдэнэ. Зөвхөн үлэг гүрвэлийн тухай яриад байгаа юм биш шүү дээ. Алдагдаад 20 жил эзэнгүй байсан соёлын өвийн бодлого эзэнтэй болж буй юм. Иймд энэ асуудлыг цаашид ярих болно, дараа дараагийнхаа Батаарыг ч авчрах болно.

-Батаарыг байршуулах Лениний музейн асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцэнэ. Төрийн өмчийнх гэдгийг нь нотолж чадах болов уу?

-Төрийн өмч байх магадлалтай учраас анхан шатны шүүх рүү буцсан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн саяхны гарсан шийдвэрээр Лениний музей Ардын намын өмч гэдэг шийдвэрийг хүчингүй болгосон. Харин 1997 оны анхан шатны шийдвэрээр төрийн өмч гэж гарсан байдаг. Тодруулбал төрийн өмч гэдэг шийдвэр нь хүчинтэй үлдсэн гэсэн үг. Иймээс шүүхийн шийдвэрээр Лениний музейг төрийн өмч гэдгийг дахин баталгаажуулна.

-Ардын намын удирд­лагуудын зүгээс Лениний музейтэй холбоотой асуудлыг танай яамтай зөвшилцөж байгаад шийдэж болно гэсэн зүйл яриад байгаа шүү дээ?

-Тийм хууль байхгүй. Ардын намд тэр барилгыг өгсөн шийдвэр ч байхгүй. Лениний музейг төр өөрийн мөнгөөр байгуулчихаад бусдад өгөхдөө хууль эсвэл Засгийн газрын тогтоолоор өгдөг. Хууль, Засгийн газрын тогтоолоор өгөөгүй байхад өмчилчихсөн байгаа нь энэ заргыг үүсгээд байгаа юм шүү дээ. Тиймээс зөвшилцөх асуудал байхгүй. Ардын намтай Лениний музейгээр зөвшилцвөл 30 жилийн дараа Оюутолгойн газар нь “Рио Тинто”-ийн өмч болчихсон бид зөвшилцөөд газраа авъя гэсэн байдалд хүрэх вий дээ. Энэ утгаараа төр зөвшилцөхгүй, харин үл маргах зарчмаар энэ байрыг авах ёстой. Үүнээс гадна Лениний музейн бүх үзмэрийг буцааж авна. Бидэнд үзмэр болон үзмэрийг бүртгэдэг дэвтэрийг ч өгөхгүй байгаа. Соёлын яамтай соёлын өвийг хамгаалах талаар хамтарч ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Тийм ч учраас яамны зүгээс цагдаад өгсөн. Ер нь Засгийн газрыг огцруулах гээд байгаа нь Лениний музей мэтийн зувчуулсан өмчөө авч үлдэх гэсэн оролдлого байж мэднэ. Үүнийг үгүйсгэхгүй. Мөн улсаас авсан соёлын өвийг буцааж өгөхгүйгээр данс дугуйлах гэж байж ч магадгүй. Бидний хувьд данс дугуйлмааргүй байна. Учир нь соёлын өв бол өнгөрсөн болон одоо, ирээдүйн маань өмч.

-Ярилцсанд баярлалаа.
 
Ц.Энхцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш