logo
Сэтгэл гаргавал бие биеэ дэмжих боломж ямагт байдгийг Шинэчлэлийн баатрууд харуулсаар байна

Сэтгэл гаргавал бие биеэ дэмжих боломж ямагт байдгийг Шинэчлэлийн баатрууд харуулсаар байна

2013/04/18

Шинийг сэдэж, бусдад тус дэм болж, бүтээлч амьдрахын жишээг харуулсан эгэл жирийн иргэдийг “Шинэчлэлийн баатрууд” хэмээн хүндэтгэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг оройн зоог барилаа. 

"Ивээл энэрэл" ТББ-ын тэргүүн, "Гэ­рэлт ирээдүй" өдөр өнжүүлэх бүлгийн багш Булгаа­гийн Уранчимэг төрүүлсэн хоёр хүүхэдтэй ч 110 гаруй хүүхдийн ээж болсон буянт үйлстэн. Бага нь хөхнөөсөө ч гараагүй, том нь сургуульд орсон 9 дүүтэйгээ өнчирч үлдсэн тэрбээр 2004 онд төрөлх Ховд аймгийнхаа бүтэн өнчин 24 хүүхдийг цуглуул­ж буянт үйлсийн гарааг эхэлжээ. Өнчин хүүхэд ямар их шаналал, айдас дунд амьдардгийг биеэрээ мэдэр­сний хувьд бусдын дэм үгүйлсэн бяцхан үрст тус­лахаар сэтгэл шулуудсан ч хөрөнгө мөнгөнөөс эхлээд тулгарсан бэрхшээл их байж. Өлзийт хорооллоос аргал түүн Яармагийн дэнжийн гэр хорооллынхонд зарж, гараа эвэрштэл оёдол урлал хийн гурван жил цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө  "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг “хотын хөдөө” болсон Өлзийт хороололд байгуулжээ. Энд өсгөж хүмүүжүүлсэн 50 гаруй хүүхэд нь их, дээд сургуулиа төгсч ажилтай болоод хувь заяа нэгтэй дүү нарынхаа сургалтын төлбөрийг төлсөн байна. 18 хүртэлх насны хүүхдүүд төрийн халамж авч байснаа насанд хүрэнгүүтээ амьдралд хөл алдах нь цөөнгүй байна хэмээн энэ бүсгүй санаа зовж явдгаа хэллээ. 

Түвдэн-Ишийн Батбаяр гуай хог дээрээс олсон “Хүмүүн бичиг” сониныг хуулж бичсээр 68 насандаа монгол бичиг бие даан сурч, энэ туршлагадаа тулгуурлан монгол бичгийг богино хугацаанд бие даан сурах гарын авлага зохиожээ. Бүх насныханд зориулсан энэ номоо 10 000 төгрөгөөр борлуулдаг ба энэ туршлагаа ялангуяа төрийн албан хаагчдад түгээхийг хүсдэг. 

 

Энхээгийн Батсүрэн 2009 оноос эхлэн эсгий, ширмэл урлалын өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өнөөдөр эсгий шаахай, ширдэг зэрэг бүтээгдэхүүнээ Япон, Герман улсад гарган борлуулдаг болжээ. ӨМӨЗО-д болсон олон улсын үзэсгэлэнгээс халзтай эсгий гутлаараа тусгай шагнал хүртсэн нь гадаадад ч зах зээл байгааг ойлгуулсан гэж тэрбээр ярьж байна. Цаашид өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн аж ахуйн нэгж байгуулах хүсэлтэй. Хийсэн нь борлохгүй байна, тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж гомдоллож суулгүй, гарц хайвал боломж хэзээд байдгийг харуулсан Э.Батсүрэн “Манай залууст хүчээ сорьж үзэх сэтгэл их дутдаг, ажилтан авч ажиллуулахад шантардаг, ажлын үр дүн болоод чанараараа цалинжихыг хүсдэггүй” гэж ярилаа. Эсгийгээ өөрөө боловсруулж бүтээгдэхүүнээ урлахад хэдэн өдөр уйгагүй суух, хурууны арьсаа зулгарахыг тэвчих тэсвэр хэрэгтэй. Бэрхшээл үүгээр дуусахгүй, урласан бараа бүтээгдэхүүнээ борлуулах хүндхэн даваа бас угтана. Хиймэл, дуураймал бүтээгдэхүүн зах зээлд ноёрхсон энэ үед хулхидахыг биш чанараар ялгарахыг хичээсэн нь Япон, Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нөлөөлжээ. Э.Батсүрэн одоо Баянзүрх дүүргийн бизнес инкубатор төвийн шилдэг бойжигч бөгөөд цаашид өрх толгойлсон эмэгтэйчүүдийг үнэгүй сурган ажлын байраар хангаж, гадаад дотоодын аялагчдад зориулсан 100 хувь натурал, “амьд”, чанарын тэмдэгтэй эсгий ширмэл бүтээгдэхүүнээ брэнд болгохоор зорьж байна.

 ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологи, дизайны сургуулийн IV ангийн оюутан Түмэнжаргалын Рэнчин гэр хорооллын ус түгээх худагт зориулж ус хэмнэх төхөөрөмж зохион бүтээжээ. Түүний бүтээсэн механик хавхлагыг худагт суурилуулснаар усны хоолойн хошууг сав хооронд шилжүүлэхэд асгардаг усны алдагдал үгүй болно. Зөвхөн нэг худгаас л гэхэд жилд 3 тн ус асгарч өвөлдөө мөсөн дош болж ус авах гэсэн хэн бүхнийг халтиргаа гулгаанаас айлгахаа болино. Т.Рэнчин эхний ээлжинд нийслэлд ажилладаг 557 худгаас зөөврийн 256-д нь дээрх хошуугаа суурилуулахыг зорьж байна. 

 
Шинэчлэлийн баатрууд ажил төрлөөсөө ийнхүү хуваалцахаас гадна Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар саналаа хэллээ. Дарга нарт шуудангаар цоохор цаас их явуулдаг “хэнхэг” хүн гэж өөрийгөө тодорхойлсон Т.Батбаяр гуай өмнө нь бичиг захидлынх нь хариу удаж удаж ирэхдээ урт удаан наслахыг ерөөснөөс өөр шийдэл хэлдэггүй байсан бол Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ илүү их сонсч, санал бүрт нь хариу өгдөг болсонд талархаж байгаагаа хэлж байв. 

 “Сэтгэл байвал бие биеэ дэмжих өчнөөн боломж байгааг та нар минь харууллаа” гээд жижиг гэлгүй ийм бүтээлч санаачилга, хандлагыг Шинэчлэлийн Засгийн газар дэмжиж байгааг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш