logo
 ИТХ-ын хуралдаан хойшиллоо

ИТХ-ын хуралдаан хойшиллоо

2013/04/19
Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 15-ны өглөөний 10 цагаас эхэлж  Аймгийн ИТХ-ын  Адаацаг суманд болсон нөхөн сонгуулиар олонхийн санал авсан  Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай хэлэлцэж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах байлаа. Хуралдааны танхимд МАН-ын бүлгийн гишүүдээс ИТХ-ын дарга Буджаваас бусад нь орж ирэлгүй үдээс өмнөжин хүлээлгэснээс МАН, АН-ын бүлгээс тэнцүү тоотой төлөөлөгч оролцон зөвшилцөл хийлээ.
Зөвшилцлийн үр дүнд МАН-ын бүлгийн гишүүн С.Сүхбаатар, Д.Чандмань, О.Бат-Эрдэнэ Б.Доржсүмбэр нар хуралдаанд орж ирж байр сууриа илэрхийлэхдээ хоёр шаардлага тавилаа. МАН-ын бүлгийн гишүүн бүлгийн байр сууриа илэрхийлэхдээ  нэгд төлөөлөгч Мэндсайхан хуралдааны танхимаас гарсан байх, хоёрт ИТХ-ын нөхөн сонгуулиар олонхийн санал авсан Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцэхээс хойшлуулахыг шаардаж энэ хоёр шаардлагыг АН-ын бүлэг хүлээж авахаас нааш хуралдаанд МАН-ын бүлэг оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. АН-ын бүлгийн ахлагч А.Нансалмаа намынхаа байр суурийг тайлбарлахдаа, Бид хуралдаанд цагтаа орж ирсэн, одоо ч хуралдааныг хийж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх санал хэвээр байна. МАН-аас тавьж байгаа хоёр шаардлага хуулийн үндэслэлгүй байна. Хуулийн ямар заалтыг үндэслэн энэ хоёр шаардлага тавьж байгаагаа тайлбарлаач гэлээ.  АН-ын бүлгийн төлөөлөгчид МАН-ын бүлэгт , ялангуяа Засаг дарга С.Сүхбаатарт хандаж мөрийн хөтөлбөрөө батлуулахаас  элдэв шалтгаар татгалзаж байгаа энэ засаг дарга  уул албан тушаалыг хаших чадваргүйн нотолгоо  гэдгийг хэлж хатуухан шүүмжиллээ.  Ингээд МАН-ын бүлгээс орж ирсэн гишүүд хуралдааныг ямар нэг тайлбаргүйгээр орхин явснаас хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Хурлын зарим төлөөлөгчдийн нотолж байгаагаагаар МАН-ын бүлгийн гишүүн Б.Болд, М.Сосорбурам нар хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирээгүйгээс  бүлэг нь цөөнх болсон нь гол шалтгаан болохоос хэлж байгаа хоёр үндэслэл нь зөвхөн шалтаг гэдгийг онцолж байлаа. Ямар ч байсан энэ удаа аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэхээс татгалзан  бүлгийн гишүүд нь болон өөрөө хуралдаанд орж ирээгүй тул аймгийн ирэх дөрвөн жилийн хөгжил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал тодорхойгүй хэвээр хоцорч төлөөлөгчид орон нутагтаа буцлаа. Аймгийн ИТХ-ын хуралдаан дахин зарлагдах өдрийн хүлээх л үлдлээ.
* * *
Үүний өмнө ИТХ-ын тэргүүлэгчдийн хэд хэдэн хурлаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх байсан ч МАН-ын болон АН-ын төлөөлөл ээлжлэн шаардлага тавьж хуралдааныг орхиж байсан ч ИТХ-ын хуралдааныг товлон зарлаж чадсан юм. Харамсалтай нь  хуралдаан товлосон өдрөө болсонгүй. Энэ тухай бяцхан түүх сөхье.
Аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 19, АН 15, МАХН-МҮАН-ын эвсэл 1 суудал авсан ч АН-ын нэг төлөөлөгч мөнх бусыг үзсэн тул тэнд саяхан нөхөн сонгууль болж АН-аас нэр дэвшсэн Ч.Уранчимэг олонхийн санал аваад байгаа. Харин аймгийн Засаг даргыг  нэр дэвшүүлэх хуралдаан таван удаа болсон билээ. Энд МАН-аас С.Сүхбаатар 4 удаа, Ц.Мөнгөнцоож 1 удаа, Ан-аас С.Од-Эрдэнэ 4 удаа нэр дэвшсэн боловч С.Од-Эрдэнэ, С.Сүхбаатар нар хоёр удаа санал тэнцэж сүүлд саналын илүүгээр С.Сүхбаатар нэр дэвшин батламжлагдсаныг уншигчид санаж байгаа байх.
Үүний дараа МАН-ын тэргүүлэгч, хоёр төлөөлөгч С.Дэжид, Н.Мэндсайхан нар МАН-аас гарч байгаагаа мэдэгдэн АН-ын бүлэгт нэгдсэнээр хүчний харьцаа АН 16, МҮАН 1, МАН 17 болж өөрчлөгдсөн бөгөөд нөхөн сонгуулийн дүнгээр АН угшил нэгт нэг төлөөлөгчтэйгээ олонхи болоход хүрээд байна. Тиймээс ч  АН-аас нэр дэвшсэн Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг энэ хуралдаанаар зөвшөөрөхгүй байхыг МАН-аас санал болгож, анх нэр дэвшихдээ бүрдүүлсэн материалыг хуулийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргажээ. Өөр нэг шаардлага нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн төлөөлөгч Н.Мэндсайхан өөр намын бүлэгт орсон тул нэр нь татагдсан гэж МАН үзэж  хуралдааны танхимаас гаргах тухай байлаа. Хуулийн үндэслэл багатай гэж үзэн энэ хоёр шаардлагыг АН-ын бүлэг хүлээж аваагүй тул  МАН-ын бүлэг хуралдаанд оролцоогүйгээс энэ хуралдаан хойшилсон байна.
Хуралдааны танхимд юү болсныг төлөөлөгчдийн хэлсэн үгнээс тоймлон  ямар нэг тайлбаргүйгээр уншигчиддаа хүргэе.
С.Буджав: -Хурлын ажлын алба намын бүлгийг хуралдаан орж ирэхийг шаардаж хуралдаанаа эхлэе. Бидний товлосон цаг  бүтэн, хагасаар өнгөрлөө. Намуудын бүлэг санаачилга гаргад тэнцүү тоотой төлөөлөл гарган зөвшилцөх хэрэгтэй байна. Та бид ард түмний итгэл хүлээж сонгогдчихоод энэ талаар санаачилга гаргах хэрэгтэй байна.
С.Дэжид: -Юү зөвшилцөх гээд байгаа юм. Хоёр шаардлага тавьж байгаа юм байна.  Хамтраад хэлэлцээд л олонхиороо шийдчихье. Бид хэлэлцүүлэхэд бэлэн байна. Мэндсайханы бүрэн эрхийг ИТХ зөвшөөрч баталгаажуулсан, тийм болохоор ИТХ шийдвэрлэнэ, гэхдээ төлөөлөгчийг эргүүлэн татах хуулийн үндэслэл хаа байна. Гаргаад ир л дээ.  Уранчимэг олонхийн санал авсан, сонгууль ямар нэг будилаангүй явсан гэж үзэж байгаа бол Сонгуулийн хороо асуудлаа оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд л хэлэлцэе. МАН өөр асуудал тавьж байгаа бол хуулийн байгууллагаас хариугаа авдаг юм байгаа биз. Хэлэлцэхгүй гэсэн юм алга. МАН-ын бүлэг ороод ирвэл бид бэлэн, өглөөнөөс хойш сууж байна.
С.Буджав: МАН-ын бүлэгтэй ажлын алба     холбоо барьлаа. Зөвшилцөлд оръё гэж байна. АН-ын бүлэг төлөөллөө гаргаад уулз. Завсарлаад 2 цаг 30 минутанд хуралдаанаа эхлэе. \Завсарлав\   
Хуралдааны танхимд АН-бүлгээс гадна МАН-аас зөвшилцөлд орсон төлөөлөгчид орж ирлээ. Эхлээд О.Бат-Эрдэнэ МАН-ын байр суурийг илэрхийлэхдээ өмнөх хоёр шаардлагаа давтан тавилаа. АН-ын бүлгийн ахлагч А.Нансалмаа: -МАН энэ хоёр асуудлынхаа хуулийн үндэслэлийг гаргаж чадахгүй байна. Нэг дэх асуудлын тухайд төлөөлөгчийг эргүүлэн татдаг субьект нь нам биш ИТХ, тийм учир энэ асуудлыг хуулийн үндэслэл байвал хуралдаанаар хэлэлцэнэ.     Гэтэл аль ч хуулинд энэ шалтгаанаар төлөөлөгчийг эргүүлэн татах заалт байхгүй. Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг ч нэг нам мэддэг юм биш, ИТХ хэлэлцэж шийднэ. Та бүхэн ийм  шалтгаан биш шалтаг хэлээд байлгүй хуралдаандаа оролцож өөрийн намынхаа дэвшүүлсэн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд оролцох хэрэгтэй гэж үзэж байна.
Н.Баасанхүү:- Энэ Сүхбаатар гэж Засаг дарга хийж чадахгүй хүн байна. Хэд хоног  дарга болж гоё ганган машинаар ажил гэр хоёрын хооронд давхиж, архи ууж тансаглаж явах гэсэн нөхөр байна. Тэгээгүй юм бол мөрийн хөтөлбөрөө хурдан батлуулж аймгийн ард түмний төлөө зүтгэхээс юунд нь цааргалаад, ялархаад байгаа юм. Батламжлагдаад хоёр сар болоход юү ч хийгээгүй, юү ч санаж сэдээгүй сууж байна ш дээ. Чам шиг ийм дарга байдаггүй юм.
С.Сүхбаатар: -Баасанхүү та хүн битгий хэл амаар доромжоод бай. Өөрөө Од-Эрдэнийг Засаг дарга болгох гэж дандаа санал өгч байгаа биз дээ. Манай нам сонгуулиар дөрвөн суудал илүү авсныг та нарын заваан хор найруулгаар үгүй хийж байгаа. Миний юү хийснийг өрөөнд очоод үзэж болно.
\Танхимаас\ -Намынхаа суудлыг өөрөө тарааж ялалтаа ялагдал болгож байгаа шүү\
Б.Баатарсүрэн: Энэ Сүхбаатар гэдэг хүний бүрэн эрхийг түргэн түдгэлзүүлж аймгаа эртхэн салгаж ав. Захирамжлах, мөнгө хөрөнгө зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хэрэгтэй. Юү ч хийхгүй, хийх санаа ч үгүй  нөхөр байна ш дээ
Н.Мэндсайхан: -МАН-ын удирдлага намайг Наранхүүд \УИХ-ын гишүүнийг хэлсэн бололтой\ зочид буудлаа зарсан. АН-д үйлчилсэн. Хэдэн зуун сая төгрөгөөр зарсан гэж байна загнаж дарамталж байсан. Би чинь бизнесээ хэн аль намынх гэдгээр нь ялгаварлаж хийх болж байна уу.  Сонгууль болоход надаас 25 сая төгрөг нэхсэн Би намд тийм их мөнгө бөөн гаргаад өгч чадахгүй нь, заавал жагсаалтаар нэр дэвших  санал ч алга гээд арав гаруй сая төгрөг өгсөн. Тэгээд өчнөөн зардал гаргаад сурталчилгаанд явж байж МАН-ын саналд ямар ч байсан  дэм тус болсон. Байнга загнаж, сүрдүүлж, хөөж тууж мөнгө төгрөг нэхүүлээд тэнд сууж байх сонирхол үнэндээ над байгаагүй. Над аль ч намын батлах байгаагүй байх ч үгүй. Бат-Эрдэнэ “Чиний батлах миний ширээнд байгаа шүү” гэж хэлж байсан. Би бол дэмжээд л явж байсан.
Д.Чандмань: -Мэндсайхан үнэн хэллээ. Би хатуу үг хэлж байсан. Хэнд нь ч би хэлдэг. Бүлэг дээрээ Сүхбаатарт ч хатуу шүүмжлэл хэлсэн. Миний зан бол шууд хэлчихдэг. Зарим нь эмзэглэдэг, зарим нь хүлээж авдаг. Үнэнийг хэлснээрээ би буруудна гэж боддоггүй.
Ц.Мөнхбат:- Хурлаа үргэлжлүүлэх хүсэл зориг МАН-ын бүлэгт алга. Үнэхээр аймаг орны төлөө гэсэн сэтгэлтэй бол хуралдаанд орж ирж мөрийн хөтөлбөрөө батлуулах хэрэгтэй. Хэлж байгаа үндэслэл нь намын эрх ашгаа хамгаалсан өчүүхэн шалтаг л байна. Энэ аймаг орон, ард түмний эрх ашгийн дэргэд МАН-ын тавьж байгаа шаардлага дэндүү жижигхэн байна шүү дээ. Тийм байгаа биз дээ.
Ш.Энхбат: Би энэ аймгийн ажлыг алхам ч гэсэн урагшлуулъя. Улс төрийн хүчний харилцан зөвшилцлөөр хамтраад ажиллая гэсэн сэтгэлээр Засаг даргын орлогчоор ажиллах саналыг хүлээж авсан. Миний ахалсан ажлын хэсэг хөтөлбөр дээр чамгүй ажилласан. Дутуу бодсон юм бий байх, хэлэлцээд алдаа эндэгдлийг засаад батлуулах хэрэгтэй байна ш дээ. МАН-ынхан яагаад орж ирэхгүй байгаа юм. Ийм байдалтай байх юм бол би огцроё. Над тийм сэтгэл зүйн бэлтгэл байна.
А.Нансалмаа: Та нар жаахан ёс зүйтэй, хуулийн үндэслэлтэй яриач. Хар муйхараар энийг ч гарга, тэрийг ч хойшлуул гээд байх юм.  Хууль бус шаардлага тавьж байна. Аймгийнхаа хөгжлийн индексийг хар. 21 аймгаас хамгийн сүүлд орсон байна. Байдал ийм байхад хөгжлийг нэг алхам ч ахиулах санаа МАН-д яагаад байхгүй байна вэ.
Төлөөлөгчид ээлжлэн ярих хооронд МАН-ын бүлгээс орж ирсэн 4-5 төлөөлөгч цуван гарч одлоо.
С.Буджав: Хуралдааныг эхлэх боломжгүй боллоо. Хойшлуулж байна. Хуралдааныг хэзээ хийхийг ИТХ-ын тэргүүлэгчид жич зарлана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш