logo
Нам, эвсэл нь тарсан, чуулганы хуралдааныг 10 удаа тасалсан гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох төсөл өргөн барив

Нам, эвсэл нь тарсан, чуулганы хуралдааныг 10 удаа тасалсан гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох төсөл өргөн барив

2013/04/22
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ш.Түвдэндорж нар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2013.04.19/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.

  УИХ-ын сонгуульд нэг субъект болж оролцсон нам, эвсэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр тарсан,  Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа нь зогссон  тохиолдолд нэрийн жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх эрх зүй тодорхойгүй байгаа юм.

Түүнчлэн нам, эвслийн нэрийн жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүн анх өөрийг нь нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдолд тухайн гишүүний бүрэн эрх яаж, хэрхэн шийдвэрлэгдэх зохицуулалт УИХ-ын тухай хуульд тусгагдаагүй байна. Тиймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт  оруулах шаардлагатай байна гэж иөсөл санаачлагч гишүүд үзжээ.

   Хуулийн төсөлд нэрийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүн нь сонгуульд эвсэж орсон нам, эвсэл нь тарсан, эсхүл нам нь татан буугдсан, түүнчлэн нэр дэвшүүлсэн намын гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарсан тохиолдлуудад, мөн УИХ-ын чуулганы хуралдааныг дараалан 10-аас дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгохоор тусгажээ.

   Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал нам, эвсэл нь тарсан тохиолдолд УИХ-д тухайн нам, эсвлийн нэрийн жагсаалтаар суудал авсан гишүүнийг хэрхэх, чуулганы хуралдаан тасалсан гишүүдийг хариуцлагажуулах зэрэг ач холбогдолтой эрх зүйн өөрчлөлт хийгдэнэ хэмээн хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш