logo
М.Сономпил тендерт Хятадын компанийг ялуулж шанд нь 16 давхар зочид буудал бариулахаар болжээ

М.Сономпил тендерт Хятадын компанийг ялуулж шанд нь 16 давхар зочид буудал бариулахаар болжээ

2013/04/23

Хүмүүс ямар нэг намд элсэхдээ сайд, даргын суудал мөрөөдөж очдог нь нууц биш. Харин ямар нэг намд элссэн хойноо тэрхүү мөрөөдлөө биелүүлэхээр улайрч, яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болох гэж ичиж зовох юмгүй зүтгэдэг билээ. Үүний гол учир нь амар хялбар аргаар их хэмжээний мөнгө, эд хөрөнгө цуглуулахад байдаг бөлгөө. Энэ бол Монголын улс төрд тогтсон жам ёсны үзэгдэл гэсэн ч болно. Улс төрийн намаар дөрөө хийсэн хүмүүс яагаад яам руу тэмүүлээд, яамнаас их хөрөнгө мөнгө тоншоод байдаг вэ гэхээр яам болгонд тендер хэмээх мөнгөний том машин ажиллаж байдаг юм. Уг машины түлхүүрийг атгадаг сайд, дарга нар нь ёстой тэнгэрийн умдаг атгасантай адил цулайтал баяжна. Гэхдээ тендерийн машинууд нь мөнгө үйлдвэрлэх “хүчин чадал”-аараа хоорондоо адилгүй. Хэдий хэрийн мөнгө төсөвлөсөн тендертэй вэ гэдгээрээ ихээхэн ялгаатай.

Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газрын хувьд одоогоор хамгийн их мөнгө “үйлдвэрлэх хүчин чадалтай” тендерийн машинтай нь Эрчим хүчний яам болж хувираад байгаа юм. Түрүүчийн засгийн газрын үеэс л үлгэр мэт яригдаад байсан тавдугаар цахилгаан станцын тендер зэрэг том том мөнгөний ажлууд ар араасаа гарч ирж байгаа билээ. Тиймээс энэ яамны сайд М.Сономпил тун ч баяртай яваа юмсанж. Гэвч их мөнгөн дээр инээд алдан сууж байгаа М.Сономпил нь төр түмний итгэлийг дааж чадах хүн үү үгүй юу гэдэг их л эргэлзээтэй талаар амьтан хүн шивэр авир хийж байх юм.

Талийгаач ахынхаа “өв залгамжлагч” болж улс төрийн тогоо руу өнгийсөн тэрбээр Монголд толгой цохих баян биш ч гэсэн багагүй мөнгөтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг байсан юм. Гэвч “Чөтгөр гоймонд дурлана” гэгчээр сүүлийн үед мөрийтэй тоглоомонд хамаг байдгаа цацдаг болж, хөрөнгө мөнгө нь нэлээд дундраад ирсэн гэх яриа бий. Мөрийтэй тоглоомонд шимтэн орсон хүмүүс мөнгөтэй байна гэж байдаггүй.

Алдаад л, олоод л тэгснээ алдаад л, ахин алдаад л явдаг нь жам ёсны үзэгдэл билээ. М.Сономпил яг л энэ маягаар сүүлийн хэдэн жил амьдарч чамгүй их мөнгө алдсан гэж ойр дотны нь хүмүүс сэм хэлэлцдэг болоод байгаа юм. Мань эр нэг хэсэг Батлан хамгаалах яамыг толгойлж байсан явдал бий. Харин тэр үеэс л мөрийтэй тоглодог болсон гэж ярих хүн ч байдаг юм. Гэхдээ М.Сономпил мөрийтэй тоглоомонд улайрсан гэдгээ олон хүнд мэдэгдэхгүйг хичээж гэртээ нэр бүхий хэдэн хүнийг урьж өдөржин шөнөжин тоглодог юмсанж. Ямар нэг юманд донтоно гэдэг ийм л аюултай. Орон гэртээ мөрийтэй тоглоомчдыг цуглуулан өдөр шөнөгүй тоглодог тэрбээр хожигдсон хор шарандаа хажуу дахь эхнэр хүүхдээ ч тавиад туучихаж мэдэх л юм. Эхнэр хүүхэд ч яахав. Хамгийн гол нь тэрбээр чухал яам толгойлон сууж байгаа учраас түүний мөрийтэй тоглоомын дон айдас төрүүлээд байна. Тавдугаар цахилгаан станцын тендерийн мөнгийг тавиад туучих вий гэхээс яс хавталзаж байна.

Тэгээд ч түүний гардаж авсан 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй тавдугаар цахилгаан станцын тендерт гадаадын нэгэн мэргэжлийн бус байгууллага шалгарсан ч гэх шиг учир битүүлэг, тэгсэн хэрнээ сэжиг төрүүлэм яриа мөрийтэй тоглоомын тухай дэл сул үгэн дундуур цухалзаад байгаа юм. Тавдугаар цахилгаан станцын тендер будлиантаад буруу замаар будаа тээгчдийн гар торсон гэдэг яриа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Амгаланд байдаг “УС-15” станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тендерийн асуудлаас үүдэн гарч ирсэн нь ч анхаарал татаж байгаа юм. “УС-15” станцын өргөтгөл барих тендер нь багагүй хэл ам дагуулж байгаа болохыг М.Сономпилийн хүрээнийхэн ч гэрчилж байгаа билээ. Тендерт шалгарсан Хятадын компанийг М.Сономпилийн төө зайгүй найз орчуулагч, Өвөр Монголын иргэн зуучлан холбож өгсөн байна. Баттай эх сурвалжийн хэлснээр бол тэрхүү Хятадын компани тендерт ялахын тулд М.Сономпилд их том амлалт өгсөн юм байх. Ямар амлалт өгсөн бэ гэвэл 120 мянгатад байрладаг М.Сономпилийн “Их хуралдай” хэмээх нэртэй дугуй байшинг нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болжээ. Энэхүү ажлыг нь өнөөх орчуулагч өвөрмонгол найз нь удирдан зохион байгуулж байгаа аж. Гэртээ мөрийтэй тоглоом тоглож ихэвчлэн мөнгөө алддаг М.Сономпилийн хувьд энэ амлалт бурхан тэнгэрийн хишиг шиг л санагдсан болов уу. Монгол төрийн сайдын суудал гэдэг ийм л  буянтай зүйл юм шүү дээ. Гэсэн ч төр түмэн нүдтэй байдаг болохоор хятадуудын амлалт энэ мэтээр задарч эхлээд байна.

Эх сурвалж: Ноцтой мэдээ сонин
Албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш