Дараа нь Монгол Улсаас НYБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцааны сайд Л.Болдын танилцуулгыг сонслоо.
Одоогоор манай улс НҮБ-ын гишүүн нийт 193 улсаас 162 улстай нь дипломат харилцаатай. Үлдсэн бусад улстай дипломат харилцаа тогтоохоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу ажиллаж байна. Энэ нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд хөгжиж буй орнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах, улмаар бүс нутаг, дэлхийн чанартай асуудлаар олон талт шугамаар санал санаачлага гаргах, хамтын хүчин чармайлтаа нэгтгэх, хөгжлийн туршлагаа хуваалцах, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтойг Гадаад харилцааны сайд хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул НҮБ-ын гишүүн зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг зөвшилцөх тухай Засгийн газрын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Ингэснээр манай улс удахгүй Антигуа Барбуда улс, Багамын хамтын нөхөрлөлийн улс, Бүгд найрамдах Барбадос улс, Белиз улс, Бүгд найрамдах Ботсвана улс, Бүгд найрамдах Бурунди улс, Бүгд найрамдах Камерун улс, Бүгд найрамдах Чад улс, Бүгд найрамдах Жибути улс, Эквадорын бүгд найрамдах Гвиней улс, Эритри улс, Бүгд найрамдах Габон улс, Бүгд найрамдах Гаити улс, Бүгд найрамдах Кирибати улс, Маршалын арлуудын бүгд найрамдах улс, Бүгд найрамдах Маврики улс, Бүгд найрамдах Микронез улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Палау улс, Бүгд найрамдах Руанда улс, Сент Кристофер ба Невисийн холбооны улс, Сент Люси улс, Бүгд найрамдах Сьерра Леон улс, Бүгд найрамдах Суринам улс, Свазиландын хаант улс, Бүгд найрамдах Того улс, Бүгд найрамдах Тринидад ба Тобаго улс, Бүгд найрамдах Уганда улс, Бүгд найрамдах Вануату улс зэрэг 29 улстай дипломат харилцаа тогтоох юм.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.
Төв аймгийн нутаг Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн гүйцэтгэгчээр Японы “Мицубиши-Чиёода” хамтарсан компанийг шалгаруулж санхүүгийн хэлэлцээр хийснээр тендерийн нөхцөлийн дагуу төслийн хүрээнд хийгдэх ажлуудаас гадна Монголын талын хөрөнгө оруулалтаар хийхээр тооцож байсан хөөрч, буух зурвасын голын тэнхлэгийн гэрэлтүүлэг, шатахууны суурин сумалгааны гидрант системийг байгуулах ажлыг нэмэлт ажилд оруулан тооцож төсөл хэрэгжүүлэх үнийн дүнг нийтдээ 49.5 тэрбум иен байхаар тохиролцоод байгаа аж.
Төслийг хэрэгжүүлэхэд барилгын ажилд зарцуулахаар Японы Засгийн газрын зээл болон Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн хөрөнгө нийлээд 29.9 тэрбум иен болж байгаа бөгөөд энэ нь гэрээ байгуулахаар тохиролцсон үнийн дүнгээс 19.6 тэрбум иенээр дутуу юм. Иймээс энэхүү зөрүү зардлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай 2008 оны тавдугаар сард байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээтэй ижил нөхцөлөөр нэмэлт зээл авч санхүүжүүлэх талаар саяхан болсон Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын үеэр зарчмын хувьд тохирсон юм байна.
Нэмэлт зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг өнөөдөр үдээс өмнө болсон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас дэмжсэн тухай санал, дүгнэлтийг гишүүн Д.Ганбат танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлт болон Засгийн газрын саналтай холбогдуулан гишүүн Р.Амаржаргал, Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар Зам, тээврийн сайд А.Гансүх болон ажлын хэсгийн гишүүдээс зарим зүйлийг тодрууллаа. Сайд А.Гансүх гишүүдийн асуултад хариулахдаа, нэмэлт зээл нь 2008 онд УИХ-аас соёрхон баталсан зээлийн ерөнхий нөхцөлийн дагуу жилийн 0.2 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд зээлийн төлбөр төлөхгүй байх нөхцөлийг нэгэн адил хангах юм. Монголын талын тухайд шинээр барих нисэх онгоцны буудлын цахилгааны шугам, мэдээлэл харилцааны шилэн кабелийг татах үүрэг хүлээж байгаа. Эрчим хүчний шугам нь хоёр талын эх үүсвэртэй байх бөгөөд Налайхаас татах шугамыг энэ оны зургадугаар сард ашиглалтад өгөх боломжтой. Харин Сонгинын шугам нь дэд өртөөнөөс шалтгаалан хүлээгдэж байгаа гэдгийг хэллээ. Мөн шинээр баригдах нисэх онгоцны буудал нь зургаан хүзүүвчтэй, буулт суултын хоёр зурвастай, жилдээ гурван сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашдаа нисэхийн талбайг 96 мянган ам метр болгож өргөтгөх боломжтой гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Засгийн газар, Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийн”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг бүгд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Ш.Содномжамц