Ганхсан хөлтэй сандал дээрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дүүжин даажиндаж байх энэ цаг мөчид гадаадын баячууд Монголыг эгээ л өөрийнхөө хувийн өмч мэтээр аягласан захидлыг бие биедээ илгээж эзэн сууснаа илтгэж байна. Монгол Улсын Засгийг манай сайд дарга нар бус гадныхан удирдаж байгааг нотолсон ноцтой баримтыг Масс.мн сайт анх удаа олны сонорт хүргэхээр бэлдлээ.
Энэ сарын эхээр буюу 4 сарын 3-ны өдөр БОНХ-ийн сайдын А-105 дугаар тушаал гарч 2013 онд агнуулах, бариулах ховор амьтны хуваарийг баталсан билээ. Тушаал ёсоор энэ жил Монгол улс 15 угалз, 32 тэх, 10 халиу буга, 200 тул загасыг агнахыг зөвшөөрсөн.
Гэтэл энэ тушаал батлагдаа ч үгүй байхад Туркийн “Шикар сафарис” гэдэг спорт агнуурын хөтөч хийдэг компани гадаадын иргэд рүү “Монголд энэ жил 15 угалз агнах тусгай зөвшөөрлөөс бидний мэдэлд 15 нь баталгаажсан” гэсэн утга бүхий маш ноцтой захиаг илгээсэн байна. Хамгийн аюултай нь энэ захиа ан амьтны тоо толгой, хуваарийг баталсан Байгаль орчны сайдын тушаал гараа ч үгүй байхад бичигдсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр уг захианд Монголын төр, төрийн алба, улстөрчид лобби, хээл хахуульд автсаныг нотлох олон үг өгүүлбэр явж байгаа.
Каанкаракаяагийн захианд “…3 дугаар сарын сүүлчээр Монголд очиж Байгаль орчны яам, Дэлхийн байгаль хамгаалах сан болон бусад албаны хүмүүстэй уулзаж Монгол Алтайн угалз, халиун бугын ан болон Засгийн газар саяхан солигдож Ногоон нам сайдын суудлыг авсантай холбогдон хаахаар төлөвлөөд байсан бусад бүх анг дахин нээх талаар ярилцсан юм. Ихээхэн лоббидсоны эцэст Байгаль орчны яам орон нутгийн хүмүүс оролцоотойгоор, тэд үр ашгийг нь хүртэж байхаар цөөн тооны амьтан агнуулах шийдвэр гаргасан байна. Орон нутгийн хүмүүсийг оролцуулах нь цаашид агнах амьтны тоо толгой өсөхөд ихээхэн чухал учир энэ нь тун зүгээр.
Хүлээсний эцэст өнөөдөр бид Монголоос сайн мэдээ авлаа. Манай тусгай зөвшөөрлүүдийг Байгаль орчны яам баталсан байна…” гэсэн байгаа бөгөөд энэ захианы өнөөдөр гэдэг нь тушаал батлагдаагүй байх үе буюу уг захиа илгээгдсэн 4 дүгээр сарын 2-ныг хэлж байгаа юм. Мөн энэ захианд “манай тусгай зөвшөөрлүүдийг” гэж онцгойлон дурдсанаар бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Монгол улсад агнах ан агнуурын хуваарийг биш Каанкаракаяагийн тусгай зөвшөөрлийг баталжээ. Бас нэг хардмаар зүйл байгаа нь Засгийн газар 3 дугаар сарын 16-ны өдрийн 92, 93 дугаар тогтоолыг баталсан бөгөөд энэ үеэр “Шикар сафарис”-ын Каанкаракаяа Монголд ирж албаны хүмүүстэй уулзсан нь анхаарал татаж байна.
Каанкаракаяа гэгч энэ этгээд батлагдаагүй сайдын тушаалд орох ангийн тоо толгойг маш сайн мэдэж байсан нь захианаас харагдана. Тухайлбал,
“…Монголд ан амьтан хамгаалах бодлого хүчтэй явагдах болсноос Байгаль орчны яам улс орны хэмжээнд агнах угалзын тоог 50-иас 15 хүртэл бууруулсан байна.
Улаанбаатараас баруун тийш орших Төв аймгийн нутгаас 5 толгой хангайн угалз
Ховд аймгийн нутгаас 3 толгой Ховд Алтайн угалз
Говийн аймгаас 1 угалз
Баянхонгор аймгаас 1 толгой хангайн угалз
Увс аймгийн нутагт Дэлхийн байгаль хамгаалах сангийн хэрэгжүүлж буй “Гулзат” Орон нутгийн хамгаалалттай газраас 5 Алтайн угалз агнуулахаар болжээ.
Эдгээр 15 угалз агнах тусгай зөвшөөрлөөс бид Төв аймагт 4, Ховдод 2, Увсад 5-ыг авсан байгаа. Нийтдээ бидний мэдэлд угалзын 15 зөвшөөрлөөс 11 нь, тэхийн 17, бугын 6 тусгай зөвшөөрөл баталгаажсан…” гэжээ. Яахаараа Монгол улсад ямар ч татвар төлдөггүй, манайд бүртгэлгүй хаа байсан Туркийн нэг зуучлагч компани Монголд ийм эрх дураараа аашилж, Монгол төрийн бодлогод оролцон Монголын баялгийг гадагш наймаалж суудаг байна вэ? Монгол улс нэг жилд агнуулахаар зөвшөөрсөн угалзынхаа 70 хувийг нь, 10 буга агнахаас 6-г нь, 32 тэхээс 17-г нь зөвхөн энэ хүнд зориулж баталсан байх нь. Мөн энэ захианаас та бид Монголд сайд нь баталж амжаагүй байсан тусгай зөвшөөрлийг гадаадын нэг нөхөр аль хэдийнэ “баталгаажсан” хэмээн баталчихаад явж байгааг харж байна. Англи хэл дээр бичигдсэн уг захиа нь нэлээд дэлгэрэнгүй бөгөөд дотроо олон ноцтой баримтыг агуулж байгаа. Бид захианы үргэлжлэлийг маргааш захианы эхтэй хамт нийтлэх бөгөөд үүнтэй холбоотой Монголын Засгийн газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, тэнд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн талаарх олон баримт фактуудыг үргэлжлүүлэн нийтэлнэ. Харин энэ мэдээллийн мөрөөр УМБГ-ын байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагууд орж шалгавал их юмны үзүүрээс хөвөрдөж мэдэх юм шүү.
Энд нийтлэгдсэн бүх зураг “Шикар сафарис”-ийн Монголд хийсэн ангийн зургууд болно.
Масс.мн сайт үүнээс өмнө нүүрсний талаарх хятадуудын нууц мэйлийг илчилж нүүрсний зөвлөлийн үйл ажиллагаа, нүүрсний бодлого зөв голдрилд байх талд мэдээллийн хэрэгслийн үүргээ биелүүлж оролцож байсан билээ. Мөн МИАТ-ийн захирлуудын гадагш урсгасан их мөнгөний бүх баримт, санхүүгийн гүйлгээг дэс дараалан бичиж байсан ч биднийг ил гаргаж тавьснаас бүхэл бүтэн хоёр жилийн дараа л энэ хэргийн сэжигтнүүдийг хорьж шалгаж эхэлсэн. МИАТ-ийн хэргийн сэжүүрээр шалгагдаж эхлээд байгаа ТӨХ-ны мэргэжилтнүүд, тухайлбал Ч.Алтантуяаг хэдэн компанийн ТУЗ-д байдгийг хүртэл “ТУЗ нэрээр төрийн өмчийг идэж баяжигчдын жагсаалт”-д нэрлэж байсан.
Та эх орныхоо язгуур эрх ашигтай холбоотой мэдээллүүдийг халуунаар нь хүлээж авъя гэвэл Масс.мн-ий хуудсыг өглөө бүр нээгээрэй.