logo
Үндсэн хуулийн цэцийн дарга  Түрк улсад зочлов

Үндсэн хуулийн цэцийн дарга Түрк улсад зочлов

2013/04/27
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа энэ сарын 24-25-нд Анкара хотноо болсон Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал, БНТүрк Улсын Үндсэн хуулийн шүүхийн 51 жилийн ойд зориулсан олон улсын бага хуралд тус тус оролцов.

Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн анхдугаар их хурал 2012 онд Сөүл хотноо болж, Индонез, Малайз, Монгол, ОХУ, Пакистан, БНСУ, Тажикстан, Түрк, Узбекстан, Филиппин Улсын Үндсэн хуулийн шүүхүүд тус нийгэмлэгийн гишүүн болсон юм. Сая Анкарад болсон тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурлаар Казахстан, Афганистаныг гишүүнээр элсүүлж, Гүржийг ажиглагч гишүүнээр батлав.

БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн 51 жилийн ойд зориулсан олон улсын бага хурлын нээлт дээр Түркийн Үндсэн хуулийн шүүхийн дарга Хашим Килич илтгэл тавив. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Түрк болон Азийн бусад орны Үндсэн хуулийн шүүхүүдийн дарга нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүд болон түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийг эдүгээ БНТУ даргалж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн 2 дугаар их хурал 2014 онд Түркт болох юм. Түркт жил бүрийн зун нийгэмлэгийн гишүүн орнуудын Үндсэн хуулийн эрх зүйн ажилтнуудын сургалт, семинар зохион байгуулж байхаар болов.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш