logo
Монгол Улс хоёр төсөвтэй болжээ

Монгол Улс хоёр төсөвтэй болжээ

2013/04/30
Энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэжээ. УИХ-ын таван байнгын хороогоор Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн С.Батболдоор ахлуулахаар боллоо. Өнгөрсөн он бол сонгуулийн үр дүнгээр засгийн эрх нэг намаас нөгөө намд шилжсэн онцлог жил. Тиймээс өмнөх Засгийн газар улс орны нийгэм, эдийн засгийг хэрхэн хөгжүүлэв, тавьсан зорилтоо яаж хэрэгжүүлэв, ямар улсыг өнөөгийн эрх баригчдад хүлээлгэж өгөв гэдэг чиглэлээр уг ажлын хэсэг ажиллаж дүгнэлт гаргах аж. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн аймгуудыг нийслэлтэй холбох автозамын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон, гэтэл шинэчлэлийн гэх Засгийн газар бүхнийг шинээр эхэлж байгаа мэт мэдээлж ард иргэдийг төөрөгдүүлж байгаад МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй ханджээ. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газрын үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг найман хувь болгон өөрчилсөн, иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох ажлыг зогсонги байдалд оруулсныг дурдаж болох юм.

Маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевиз дээр зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүнг хэлэлцэх учраас бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэхээр болжээ. Сүүлийн хагас жилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа олон нийтийн телевизэд мэдээллийн тэнцвэртэй байдал эрс алдагдаж байгааг илтгэсэн мониторингийн судалгаа гарсан байна. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд оруулах саналуудаа багцалж, ажлын хэсэг байгуулахаар болов.

2013 оны төсөв хэлэлцэх үеэр Ерөнхий сайд дур мэдэн ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг батлуулсан. Харин 50 тэрбум төгрөгийг төсөл, арга хэмжээгээр задлах тухай тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэнд МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ийм хэмжээний мөнгийг УИХ-ын тогтоолоор биш төсөвт суулгаж байж зарцуулж, хяналт тавьдаг хуультай. Монгол Улс хоёр төсөвтэй улс шиг болжээ. Нэг хэсэг нь батлагдсан улсын төсвийн хүрээнд зарцуулагдаж байгаа мөнгө. Нөгөө талаар янз бүрийн зориулалтаар гаргасан үнэт цаас, бондоос орж ирж байгаа мөнгийг төсвөөс гадуур хяналтгүй зарцуулж байна. Юм замбараагүй болж байгаагийн хамгийн бодит жишээ бол энэ. Ийм их хэмжээний мөнгийг Ерөнхий сайд, Засгийн газар дур мэдэн зарцуулах гэж байгаа асуудлыг бид хөндөж тавина” гэлээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Сумъяабазар энэ долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөж, МАН-ын бүлэг 26 гишүүнтэй болно гэсэн хүлээлттэй байгааг бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдэв.
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас гадна МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудыг ч багцлан дүгнэлээ. “МАН-ын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэлийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдэлж ажиллах нь аливаа үйл ажиллагаандаа мөрдөх хамгийн дээд зарчим мөн гэдгийг итгэл үнэмшлээ болгосон хүнээр Засгийн газрыг удирдуулах хэрэгтэй. Алхам тутамдаа хууль зөрчдөг, хуулийг худлаа тайлбарладаг Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайдтай байж болохгүй. Энэ нь жирийн иргэдэд хууль тогтоомжгүй амьдарч болно гэсэн дохио өгөх нь байна шүү гэж бид олонхийн бүлэгт олон удаа анхааруулсан. Гэтэл олонхи Ерөнхий сайдыг хамгаалж үлдлээ. Монгол Улсад хууль тогтоомж зөрчсөн хүн төрийн өндөр албан тушаал хашиж болдог юм байна, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрээс улбаалж олон хууль бус шийдвэр гарч болдог, үүний улмаас иргэд, аж ахуйн нэгж хохирсон ч хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм жишиг тогтоолоо гэж бид үзэж байгаа” гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд онцлов. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад илэрсэн тендертэй холбоотой асуудлаар АТГ, Хууль зүйн сайдад хандаж, хуулийн хугацаанд шалгаж хариу өгөхийг хүссэн албан бичгийг МАН-ын бүлгээс явуулсныг мөн дурдлаа.

Хоёр их наяд орчим төгрөгийн өртөгтэй Бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтын мөрөөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж шалгаж нягтлах ёстойг ч сануулав. Энэ хөтөлбөрийн зарцуулалтад хяналт тавих боломж УИХ-д байхгүй байгаагаас гадна УИХ, Засгийн газрын хоорондын Үндсэн хуулиар тогтоосон харилцааны зарчмууд бүрэн алдагдаж байгааг энэ үеэр хэлэв.

Сайд нар ашиг сонирхлын зөрчилд орохгүйн тулд харьяа салбарынхаа байнгын хороонд харьяалагддаггүй уламжлалтай. Гэтэл энэ зарчим одоогийн УИХ-д алдагдаж, зөвхөн Эдийн засгийн байнгын хороонд л гэхэд зургаан сайд харьяалагдаж байна. Голлох байнгын хороонд сайд нар, олонхийн гишүүд харьяалагдаж, Засгийн газрын бодлогыг тулгадаг ийм байдлыг цэгцлэхгүй бол цаашид ноцтой сөрөг үр дагавар дагуулах аюултайг анхааруулав. Тиймээс УИХ-ын дарга дээр дурдсан асуудлуудаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангана гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийллээ.

Ганцхан байнгын хороонд харьяалагддаг МАН-ын гишүүдийг УИХ-ын бусад гишүүний нэгэн адил эрхтэй болгож хуульчилсан гэж өнгөрсөн баасан гаригт мэдээлсэн. Гэвч УИХ дахь тэгш бус байдал хэвээрээ байгааг МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт мэдээлэв. Одоогийн байдлаар МАН-ын бүлгийн 25 гишүүний 15 нь хоёр байнгын хороонд, 10 нь нэг байнгын хороонд харьяалагдаж байна. Харин бусад намын гишүүд урьдын адил гурван байнгын хорооны гишүүн. Иймд тэгш бус байдлыг халахын төлөө цаашид анхаарч ажиллана гэв.

Мөн МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох автомат машинтай холбоотойгоор хяналтын тооллогыг боловсронгуй болгох саналыг Засгийн газар, СЕХ-нд хүргүүлжээ. Үүнээс гадна Төрийн албаны хуульд байхгүй түр орлон гүйцэтгэгч нар энэ сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээж буй нь эргэлзээ төрүүлж байгааг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд онцоллоо. Учир нь хууль дүрмийн үүднээс авч үзвэл түр орлон гүйцэтгэгч нарыг төрийн албан хаагч гэж үзэх үндэслэлгүй аж.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш