logo
Дорнодын боксчид  багаараа Улсын аварга боллоо

Дорнодын боксчид багаараа Улсын аварга боллоо

2013/05/01
Боксын 2013 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Спортын төв ордны А танхимд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд хот хөдөөгийн 27 байгуулага, клубын 200 гаруй тамирчид оролцож, эмэгтэй 6, эрэгтэй 10 жинд ур чадвараа сорин өрсөлдсөн юм. 1973 оноос эхлэн зохиогдож ирсэн уламжлалтай Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат зөвлөхтэй, Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын баг тамирчид амжилттай оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарлаа. Хоёрдугаар байрт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын баг шалгарсан бол гуравдугаар байрт Дорнод аймгаас төрөн гарсан шилдэг боксчидийн нэг Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын найман удаагийн аварга Б.Энхтайваны дасгалжуулсан нийслэлийн Баянгол дүүргийн баг тамирчид гуравдугаар байр эзэлжээ. Дорнодийн боксчид 1988, 1989 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатын удирдлага дор оролцож дараалан түрүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш 24 жилийн дараа түүний хүү Т.Эрдэнэбаяр аавынхаа амжилтыг давтаж, багаараа  Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Дорнодын боксчидоос эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 60 кг-ийн У.Шинэцэцэг, 64 кг-ийн жинд Э.Эрдэнэтуяа, эрэгтэйчүүдийн 56 кг-ийн жинд Х.Тулга нар алтан медаль зүүж, 60 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Э.Бат-Өлзий, дасгалжуулагч багш Т.Эрдэнэбаяр нар тэмцээний шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагчаар тодорлоо. Дорнодын боксчид ийнхүү амжилт сайтай байгаа бол Дорнодын уугуул Спортын зүтгэлтнүүдийн ажил үйлс өөдрөг байна. Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Дорнод аймгийн уугуул Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагчаар мөн Дорнод аймгийн харьяат, боксын спортын Олон Улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, спортын мастер Э.Сайнбилэг нар ажиллаж байгаа билээ.
Ц.Од
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш