Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд баривчилжээ. Өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын үеэр гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.
Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж байсан Пакистан гаралтай иргэн Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нарыг Улаанбаатар хотоос баривчлан, одоогийн байдлаар шалгаж байна.
Эдгээр гурван иргэний хоёр нь хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэн олон улсад эрэн сурвалжлагдаж байжээ. Хаяат Хизарын хувьд АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1,2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байжээ. Тэд Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн болох нь тогтоогджээ. Олон улсад нэр нөлөө бүхий гадаадын төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажилласан энэ өдрүүдэд цагдаа, тагнуулын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж ийнхүү онц ноцтой хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын иргэншилтэй гурван иргэнийг саатуулж чаджээ.
Пакистаны иргэдийг шалгаж эхэлсэн бөгөөд олон улсын Олон улсын интерпол, Терроризмтой тэмцэх төв зэрэг байгууллагатай манай улс мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаа юм байна.
Ц.Од