УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын дэд даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга “С.Баярцогт гишүүн УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр хариуцлага тооцсон гэж бодохгүй байна. Нууц данс илэрсэн явдал бол Оюутолгойтой холбоотой сэжүүр гарч ирсэн гэж бодож байгаа. Анхны сэжүүр гарч ирэнгүүт сөрөг хүчин нь эрх баригч нартайгаа хамтраад хамгаалж байгаа нь бүр хачирхалтай. Гэхдээ би Ерөнхийлөгчид С.Баярцогтын асуудлаар хандана. Энэ асуудал дээр намайг дэмжих хүн цөөн байна, үдээс хойш би Ерөнхийлөгчид хандаж С.Баярцогтын асуудлыг тавина гэлээ. Миний хувьд хүний мууг үзэх гэсэндээ биш нийгэмд шударга ёс тогтоохын тулд ийм алхам хийж байгаа” хэмээн тодотголоо.