Тус хүрээлэнгийн төлөөлөгчид удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг сонирхох хүрээнд Монголд хэрэглэж буй автоматжуулсан системийн онцлог, хамрах хүрээ, түүнд хөндлөнгийн хяналт тавих боломжийн талаар асууж хариулт авав. Мөн сонгуульд сонгогчийг түүний дотор эмэгтэйчууд, залуучуудыг идэвхтэй оролцуулах, тэдэнд хандсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж буй байдал, хууль зөрчөгчдөд ямар хариуцлага хүлээлгэх, сонгуульд оролцож намуудын санхүүжилт, сонгуулийн сурталчилгааг хэрхэн журамласан талаар асууж сонирхов.
Түүнчлэн гадаадад байгаа монгол иргэдийн саналыг хэрхэн авах, сонгуулийн хороодод ажиллагсадын хүйсийн харьцаа ямар байгаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцав.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болсон “Шинэ тулгар ардчилсан орнууд дахь сонгуулийн сорилтууд: Ази, арабын орнуудын туршлагаас хуваалцах нь” сэдэвт олон улсын хурлын үеэр гарсан санал, шийдвэр нь биеллээ олсонд талархалтай байгаагаа Ардчилал, сонгуулийн туслалцааны Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Видар Хелгэсэн уулзалтын үеэр илэрхийллээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ийнхүү хурлын ач холбогдлыг өндөр үнэлэхдээ, илтгэлүүд нь бидэнд туршлага болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хууль гаргахад тэр хурал их тус болсныг онцлон тэмдэглэв.
Энэ оны 10 дугаар сард БНСУ-д Дэлхийн сонгуулийн байгууллагын хурлыг зохион байгуулахаар бэлтгэлийг нь хангаж байгааг Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга дурьдаад ийнхүү хуралд Монголын сонгуулийн төв байгууллагын төлөөлөгчид оролцон гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.