Монгол Улс 20 орчим улсын болон хувийн хууль зүйн их, дээд сургуультай. Тэнд 200 гаруй багш ажилладагаас ихэнх нь тухайн сургуулиа амжилттай төгсөж багш болсон залуу боловсон хүчин байдаг байна. Харин тэднийг багш болгон мэргэшүүлдэг тогтолцоо үгүй гэхэд хилсдэхгүй бөгөөд өөрсдийн хичээл зүтгэлээр бие даан мэдлэг, чадвараа дээшлүүлсээр иржээ.Энэ жил хууль зүйн их, дээд сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр анх удаа санаачлан зохион байгуулж эхэллээ. Энэ удаагийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хууль зүйн их, дээд сургуулийн 50 багш хамрагдлаа. Дээрх сургалтад хамрагдсан багш нар сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаас гадна энэ сургалтыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэж байлаа.Уг сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, профессор Н.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн дарга, профессор Ж.Амарсанаа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, профессор Н.Жанцан, профессор Ч.Энхбаатар зэрэг хууль зүйн салбарын нэртэй эрдэмтэн багш нар “Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлал”, “Үндсэн хуулийн дархлаа”, “Харьцуулсан эрүүгийн эрх зүй ба Эрүүгийн эрх зүйн шинэтгэл”, “Хуульчдын хүний эрхэд суурилсан хандлага” гэх мэт онол, практикийн тулгамдсан асуудлаар лекц уншсан байна.