Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын урд байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай хоёр давхар байрны арын объектод энэ сарын 1-нд аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран шалгалт хийжээ. Шалгалтаар иргэн Г нь тус объектод мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулах үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ.
Улмаар хайлуулах зуухны агааржуулалтын болон гадагш гарсан хоолой, жанамын хажуу хэсэг зэрэг газарт ил нүдэнд харагдахуйцаар жижиг дусал бөмбөлөг хэлбэрээр мөнгөн ус алдагдсан байсныг цуглуулах ажиллагааг аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван ажилтан Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн холбогдох ажилтануудын хяналтан дор явуулсан байна. Үүний үр дүнд нийт 85 грамм мөнгөн ус цуглуулжээ.