logo
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2013/05/05
Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
  •  
  • •   Энэ онд 90 жилийн ой нь тохиож байгаа Архангай, Завхан, Төв, Хэнтий аймгийн баяр наадмыг 2013 оны 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоолоо. Энэ саналыг дээрх аймгуудаас ирүүлсэн бөгөөд баярын үеэр бүсийн уралдааныг хамтад нь зохион байгуулах юм.
  •  
  • •   Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосонтой холбогдуулан Монгол төрийн түүхийн музейн дэргэд түүхийн сэдэвт кино гаргах, хурал, лекц зохион байгуулах зориулалтын танхим нээхээр шийдвэрлэлээ.
  •  
  • •   Австрали улсад энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын VI бага хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно. Айлчлалын үеэр тус улсын Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлалын сайд Гари Грейтэй уулзаж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын бодлого, эдийн засгийн интеграци бий болгох зэрэг асуудлаар яриа хэлэлцээ хийнэ. Мөн уул уурхайн стандарт, аюулгүй байдлын дүрэм журмыг манай улсад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах, компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэнэ.
  •  
  • •   Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрөгч сарын 16-17-ны өдрүүдэд Кувейт улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгээ танилцууллаа. Айлчлалын үеэр Монгол, Кувейтийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэх, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сангийн шугамаар хэрэгжих хамтарсан төслүүд, тухайлбал манай оронд барих парламентын ордны төслийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
  •  
  • •   Энэ сарын 1-3-ны өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Булган, Орхон аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан асуудлуудыг шийдвэрлэх, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар хэлэлцээд төлөвлөгөө гарган ажиллаж, биелэлтийг нь Засгийн газарт танилцуулж байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Ерөнхий сайд дээрх аймгуудад ажиллахдаа  аймгуудын удирдлага, холбогдох яам, агентлагийн төлөөллүүдтэй ярилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор баг дахь хаврын тариалалтын бэлтгэл, "Хонгор Агро Булган" ХХК-ийн гурилын үйлдвэр зэрэгтэй танилцах үед хөрсний эрдэс бордооны үнэ бууруулах, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах зоорь, эловатор барих, тариалангийн талбайд мал орж сүйтгэдгийг зогсоох арга хэмжээ авах талаар тариаланчид хөндсөн. Мөн Орхон аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр банкны хүүг буруулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон зоорь барих, зам харилцааг сайжруулах зэрэг асуудлыг хөндсөн бол "Эрдэнэт хивс" үйлдвэрийнхэн экспортыг нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
  •  
  • •   2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Варшав хотноо гарын үсэг зурсан "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг эцэслэн баталлаа. Энэ хэлэлцээрээр Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг сэргээн шийдвэрлэж, тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон юм. 2011 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 36,5 сая ам.доллар, үүнээс экспорт 47,1 мянга, импорт 36,4 сая, харин хөрөнгө оруулалт 6,4 сая ам.доллар байсан бол 2012 онд худалдааны эргэлт 57 сая ам.доллар болжээ.
  •  
  • •   Бүгд Найрамдах Индонез улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээх, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Турк улсын нийслэл Истанбул, Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэп Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар тус тус нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
  •  
  • •   Оюу толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутагт баригдаж байгаа 8500 кв.м талбайтай цогцолбор барилгыг техник технологийн шаталсан сургалттай Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
  •  
  • •   2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрөв.
  •  
  • •   ЗГХЭГ Засгийн газрын танхимыг мэдээллээр хангах үүргийнхээ дагуу энэ оны 3 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа. 2013 оны 3 дугаар сард Засгийн газар 5 удаа хуралдаж, 80 асуудал хэлэлцэн 30 асуудалтай танилцаж, үүний мөрөөр Засгийн газрын тогтоол 55, тэмдэглэл 77, Ерөнхий сайдын захирамж 5 гарсан байна. Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаар 2 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 2 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 1 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэж, 12 асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш