logo
Шүүхийн гадаа жагсдаг, өлсдөг, тэмцдэг, шүүхэд нөлөөлөх гэж оролддог байдал хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болно

Шүүхийн гадаа жагсдаг, өлсдөг, тэмцдэг, шүүхэд нөлөөлөх гэж оролддог байдал хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болно

2013/05/06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа иргэдийн асуултад хариулав
Уулзалт бүрийн мөрөөр ажил хийдэг
Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн :
-Манай хороонд Иргэдийн нийтийн хурал хүндрэлтэй асуудалтай байна. Юу гэхээр Иргэдийн нийтийн хурлыг бодит утгаар нь хийж чадахгүй байна. Дөрвөн жилд ганц удаа хуралдаад хорооны Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын даргаа сонгож байгаа юм. Энэ их учир дутагдалтай байна. Манай хороо 10 гаруй мянган хүн амтай, 1000 орчим өрхтэй. Тэгтэл 100 гаруй хүн хурал хийгээд өөр газрын хүнээр биднийг төлөөлүүлж ажиллаад байна. Бид сонгох, сонгогдох эрхээ доод шатандаа эдэлмээр байна. Энэ асуудал дээр анхаарч өгнө үү. Бас хогоо ил задгай асгадаг байдал багагүй гардаг. Хог ухдаг хүмүүс хог тарааж хаяж байгааг яах вэ?
-Уулзалт бүр цаанаа үр өгөөжтэй байдаг. Би аймаг, хотуудаар явсан уулзалтуудынхаа мөрөөр, иргэдийн тавьсан асуултууд, бичгээр гаргасан саналууд дээр тулгуурлан аймгийн засаг захиргаа, хурлын байгууллага, Засгийн газарт чиглэл өгч, түүний дагуу ажлууд хийгддэг юм. Өнөөдрийн энэ уулзалт ч тийм байх болно.
Хогтой холбоотой зүйл дээр хэлэхэд одоо хүн бүр утастай, бичлэг хийдэг болчихсон. Тэр хог хаяж байгааг нь бичээд авчирч өгсөн хүнд хэдэн төгрөгийн урамшил өгөөд, бичлэгийг нь сайтад байрлуулаад байдаг болчихвол асуудал шийдэгдэх болно. Тиймэрхүү маягаар явах ёстой юм билээ. Сингапур зэрэг газарт бохь зажлаад хаяхад л өндөр торгууль төлдөг шүү дээ. Нэг талаасаа бид хог хаяж байгаа асуудлыг иргэддээ ойрхон шийднэ. Нөгөө талаас хариуцлага алдаж байгаа нөхөдтэй тооцоо хийхээс өөр аргагүй. Ингэхэд хоёр талаасаа зөв болно гэж бодож байгаа.
Хог ухаж тараадаг улсууд байна гэж ярьж байна. Тэгвэл хогоо ангилж уутлаад тавьдаг болох хэрэгтэй. Ингэвэл шил түүдэг нь шилээ, өөр юм түүдэг нь түүнийгээ авна. Тэгээд тэд ангилсан хог шаардлагатай газар нь хүргэж өгдөг хүмүүс болчихно. Ангилахгүй нийлүүлээд нэг гялгар уутанд хийгээд хаядаг учраас тарааж хаяад байгаа юм. Яг Э.Бат-Үүл даргын хэлдгээр хог хийх уут нь өөр өөр өнгөтэй ч байж болно. Энд шил нь, энд ахуйн хог нь, энд ухах шаардлагагүй хог нь, энд хүнд хэрэггүй юм нь, энд цаас нь ч гэх юм уу, нэг иймэрхүү маягаар ангилчих юм бол болоод явчихна. Манайхан ийм байдал руу ер нь явчих байх.
 
 
Хан Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Батсуурь:
-Улаанбаатар хот зогсолтгүй өргөжин тэлж, утаа тортог улам бүр нэмэгдсээр байна. Харин нийслэл хотоо улам илүү сайхан өнгө жавхаатай болгохын тулд хотоо төлөвлөж хөгжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч та чухам юу хийсэн бэ? Мөн нийслэл хотынхоо төлөө ажиллаж буй хотын Засаг дарга, ИТХ-ын дарга нартаа баярлалаа гэж хэлье.
-Улаанбаатартай холбоотой асуулт асуулаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө гэж Э.Бат-Үүл даргын хэлснийг би дэмжиж байгаа. Батлагдтал нэлээд ажил байгаа. Намайг 2005 онд Ерөнхий сайд байхад анх энэ асуудал босч ирж байсан. Ер нь цаашдаа Улаанбаатар нэг хот биш олон хот болох ёстой. Ихэнх гадаад оронд яваад очиход дүүргүүд хотын статустай байдаг. Баянзүрх хот, Сонгинохайрхан хот болох ёстой. Хотын захиргаа Сонгинохайрхан дүүрэг рүү нүүхээр болж байгаа. Үүнийг би том үлгэр жишээ гэж бодож байна. Нүүгээд тэнд очоод, газар төлөвлөлтөө хийнэ. Сонгинохайрханыхан бол азтай гэж бодож байна. Энд шаардлагатай байгаа үйлчилгээ нь эндээ үлдэнэ. Иймэрхүү маягаар л хот маань өргөн хүрээтэй тэлж, хөгжиж, энд ажиллаж байгаа удирдлагууд нь үлгэр жишээ үзүүлэх юм бол асуудлууд шийдэгдэнэ.
Улаанбаатарт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрөх, спортын талбай, ногоон байгууламжид газар өгье

Хан Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Болд:

-Нэг зүйлийг Ерөнхийлөгчид илэрхийлж, хоёр зүйлийг хүсэх гэсэн юм. Нэгд, хоёр жилийн өмнөх энэхүү уулзалтын үеэр Хан Уул дүүргийн иргэд танаас тусламж гуйж байсан. Чингисийн өргөн чөлөө дэх 0.9 га газрыг дээрэмдэхийг оролдсон тул бид хүсэлт гаргасны дагуу та дэмжлэг үзүүлсэн. Үүний дагуу нийслэлээс ногоон байгууламж баригдахаар болсон тул танд иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Одоо хоёр хүсэлт байна. Эхлээд Хан Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучин сувиллын 3 дугаар ясли гэж байсан. Гэтэл энэхүү барилгыг хувьчилж, өчигдөр 12 давхар барилгын суурь ухаад эхэлсэн. Хотын дарга бидэнтэй уулзахдаа энэ зурвас газрыг цэцэрлэгийн зориулалтаар байлгана гэж амласан.
Мөн Туул голын асуудал байна. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүрний хооронд хэдэн мянган бургасыг тайраад барилга барих гэж байна. Газар дээр нь очоод үзээч ээ.
 
-Өмнө нь хууль бусаар авах гэж байсан газарт одоо ногоон байгууламж байгуулах гэж байгаа хэллээ. Яг иймэрхүү маягаар асуудал шийдэгдээсэй гэж бодож байна. Би өмнөх Засаг даргад ч хэлдэг байсан. Одоогийн хүмүүст ч хэлж байгаа. Улаанбаатарт нэмж байшин барих газаргүй болжээ. Хаана байшин барьж болох вэ гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлт хийгээд тэнд байшин барьж болно. Нурж унах гэж байгаа байшингуудаа солиод, оршин суугчид нь зөвшөөрөх юм бол тэнд барьж болно. Улаанбаатарт одоо юу барихыг зөвшөөрч болох вэ гэвэл эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрөх, спортын талбай, ногоон байгууламжид газар өгье. Ялангуяа нэгдүгээр тойрог, төвийн хэсэг рүү юм барихгүй гэж бодож байгаа.
Нэг сайн явж байгаа, үргэлжлэх ёстой ажил бол Улаанбаатарын урд талд, Туул голын наана Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж хүмүүс их очдог газар бий. Үүнийг заавал хадгалж үлдэх ёстой. Энэ асуудлаар манай зөвлөх Л.Эрхэмбаяр, бид бүгдээрээ хууль санаачилж оруулж байгаа. Өмнө нь нэг зарлиг гаргаж хууль оруулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хадгалж үлдсэн. Одоо үнэхээр нэг цэцэрлэгт хүрээлэн болгож хувиргая. Бүр хуультай болгоё. Ингэж байж Улаанбаатарын уушиг болсон, Улаанбаатарчуудын очдог нэг газартай болгоё. Өглөө очиж гүйдэг, орой очоод суучихдаг, амарчихдаг , өвөл тойроод цанаар явчихдаг, дугуйгаар явчихдаг, ах дүү, танил тал, гадна дотноос ирсэн хүмүүсээ аваачаад үзүүлчихдэг ийм нэг газартай болох байх.

Хан Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Лхагвасүрэн:

-Гурван асуулт байна. Ардчилсан Намын дээд байгууллагаас 2009 онд шинжлэх ухааны гавьяатаар тодорхойлуулсан ч шийдэгдээгүй байна. Ноднин дөрөвдүгээр сарын 6-нд улс төрийн дэмжлэг үзүүлсэн ч гацчихаад байна. Үүнийг шийдэж өгөөч ээ.
Хоёрт, манай Ардчилсан Нам төрийн гурван өндөрлөгт гарч, би хөдөө орон нутгаас төлөөлөгчөөр ирж байсан. Тэгэхээр намаа үүсгэн байгуулалцаж явсан хүмүүсийг бүртгээд, цахим үнэмлэх олгож болох уу?
Гуравт, “Улс төрийн их хэлмэгдэлт, сүм хийдийн хохирогчид” гэсэн ийм төрийн бус байгууллага байгуулсан. Цагаатгах ажлын  комисст УИХ-ын дэд дарга байдаг. Гэтэл Төрийн ордонд орж уулзах ямар ч боломж байдаггүй. Ингээд гацаа үүсгэчихдэг. Энэ асуудлыг шийдэх боломж байна уу?
-Шагнал, олон нийтийн байгууллага гээд асуулт асуулаа. Ер нь зарим нэг шилжүүлэх шаардлагатай эрх үүргүүдийг шилжүүлэх нь зөв гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Бираа:
-Та бүхэн олон зүйлийг сэдэж санаачилж байгаад баяртай байна. МАН-ын нөхдүүд саяхан Ерөнхий сайдыг огцруулах тухай ярих үеэр хоёр хөрштэй холбоотой болчимгүй зүйл ярьсан. Үүнд хариуцлага тооцох, эсвэл сануулахгүй бол хэтэрлээ. Мөн үүнийг Улс төрийн намуудын тухай хуульд тусгаж өгөх нь зүйтэй юм.
- Би санал нэг байна. Хоёр хөрш, бусад гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой зарим нэг асуудлыг зүгээр уулзаад суухдаа ч ярьдаггүй тийм зүйл байдаг. Үүнийг бид ярих газар нь, ярих албан тушаалтантай нь яриад явна. Хөршүүдтэйгээ хамтарч шийдэх, найрсаг харилцаагаа бэхжүүлэх, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх асуудлуудыг эрчимтэй шийдээд явна. Үүний төлөө байгаа. Асуудал шийдэгдэх боломж бий. Шийдээд явж байгаа асуудлууд ч байгаа.
Босч байгаа байшин бүхнийг л нураана гээд хажууд нь лоозон бариад зогсоод байж болохгүй

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Оюун:
- Би өнгөрсөн 22 жилд өмнөх Засгийн газар юу хийсэн бэ гэдгийг товч ярья. Миний ажил Таван шарын лабораторийн тэнд байдаг. Гэртээ харихдаа би хоёр километр орчим явна. Мөнгөтэй үедээ таксидаад заримдаа автобусаар явдаг. Гэтэл манай тэнд Магнай трейд, яг хойд талд нь Шунхлай Троллейбусны депогийн тэнд Магнай трейд, 21 дүгээр хорооллын буудлын хажууд Сод монгол, Петровис, Магнай трейд, Шунхлай гээд 7 бензин түгээх газар байна. Ямар түрдэг тэрэгтэй хүн худгаас ус авах гэж байгаа биш дээ. Машин гурван километрийн газраас бензинээ аваад явж болно биз дээ. Миний амьдарч байгаа газар тойроод 7 ийм газар байна. Манай өнгөрсөн төр, засгийн хийсэн ач буян энэ байх. Бас Чингис соосэ их сургуулийн эмнэлгийн хашаан дотор төрийн үйлчилгээний түргэн тусламжийн гэсэн хоёр давхар байшин, 9 давхар орон сууц зэрэгцүүлээд барьчихсан байгаа юм. Үнэхээр эмнэлэг барих газар олдохгүй байхгүй юм бол яахаараа эмнэлгийн хашаанд 9 давхар орон сууц барьдаг юм бэ. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах яасан бэ?
-Энд нэг буруу газар барилга барьж байна. Нураа. Зогсоо гэлээ. Би бас нэг ийм хөдөлгөөн явчих вий гэдгээс айж байна. Хууль ёсоор газар, зөвшөөрлөө аваад бариад явж байгаа бол болох ёстой шүү. Үнэхээр олон нийтийн эрх ашиг зөрччихсөн, хууль бус юм байгаа бол хот, яам, агентлаг, бусад шалгадаг, үздэг хүмүүс нь үзээд зөрчлийг нь арилгуулдаг, болохгүй бол асуудлыг нь шийддэг ч юм уу, иймэрхүү маягаар хоёр талтай явах ёстой. Түүнээс биш босч байгаа байшин бүхнийг л нураана гээд хажууд нь лоозон бариад зогсоод байж болохгүй.
Архины тухай шинэ хуулиар олон зүйл эмх цэгцдээ орно

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо иргэн Энхбат:

-Өнөөдөр Улаанбаатарчуудын санааг зовоож байгаа нэг том асуудал бол утга учиргүй архидалт гэж хэлмээр байна. Архины асуудалгүй айл гэр ер нь бараг үгүй. Сүүлийн үед сонин хэвлэлээр арван жилийн хүүхэд хүртэл архидан согтуураад, эрүүлжүүлэгдсэн гэсэн мэдээ гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг асуулт асуумаар байна. Нийслэлийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг архи, тамхигүйгээр зөв боловсон өнгөрүүлэх газрыг шинээр нээх, ашиглалтад оруулах талаар ямар нэгэн арга хэмжээ  төлөвлөж байгаа юу. Мөн үүнтэй холбоотойгоор нийгмийн бусад салбарт залуучуудыг дэмжих, хөгжүүлэх идэвхжүүлэх, залуучуудын талаарх төрийн бодлого хоцрогдож байна. Энэ талаар та юу бодож байна вэ?
-Архитай холбоотой баахан асуулт гарлаа. Архины чанга хууль хэрэгтэй байна гэж байгаа. Тамхины хууль гараад хэрэгжиж байна. Бид уушги хордуулдаг юмныхаа асуудлыг зохицуулж байх шиг байна. Одоо улсаа хордуулдаг юмнаас жаахан холдох шаардлагатай байгаа. Энэ авлига, хүнд суртал, архитай холбогдсон амьдралыг унагадаг зүйлүүд дээр маш сайн хууль бэлтгэгдэж байгаа. Дахиад жаахан хэлэлцүүлэг хэрэгтэй байна. Тэгээд энэ хуулийг гаргана. Архиар бие биеэ шахдагийг хууль бус зүйл гэж үзнэ. Төсвийн мөнгөөр архи авдгийг хууль бус зүйл гэж үзнэ. Архины худалдаалах цэг гээд олон зүйл эмх цэгцдээ орно. Архи худалдахгүй байх доод насыг ч зааж өгнө.
              
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Оюун:
-Бат-Үүл даргыг есдүгээр сарын 1-нээс Архины эсрэг шинэ журам хэрэгжүүлээч гэж хүсмээр байна. 30-аас дээш насны хүмүүсийг бааранд байвал зөвшөөрнө. 30-аас доош насны байх юм бол оюутан сурагчдыг сургууль соёлтой нь ярьдаг болмоор байна. 70 мянган төгрөгийг нь хасах хэрэгтэй. Оюутнууд яахаараа тэнд үйлчлүүлээд байж байдаг юм. Ажил хийж байгаа бид бааранд ороход хэцүү санагдаад байхад. Баар цэнгээний газар та бүхэн ороод үзээрэй, дан залуучууд байна.
-Сая оюутны 70 мянга гээд ярилаа. Бүх оюутан бааранд ороод архи уугаад байгаа юм ерөөсөө байхгүй. Хэдэн задарсан, тэр 70 мянгаа хаана хийхээ ядсан, тийм л оюутнуудын асуудал. Би хувьдаа оюутнуудтай уулзахад ихэнх оюутан тэр мөнгөө өөрийнхөө сурлага, номд зөв зарцуулаад явж байгаа шүү гэж хэлдэг. Тэгэхээр болохгүй байгаа улсад нь ээж аав нь хэлээд анхаараад явахад энэ асуудал шийдэгдэх байх аа.
Байршлыг солих тул Багахангайнхан тайвуухан байж болно

Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Баасансүрэн:

-Саяхан манай дүүрэгт Тамбов цэргийн химичид ТББ-аас 220 тонн химийн хорт хаягдал буулгачихлаа. Энэ асуудлаар иргэд хэлэлцэж, 100 хувийн саналаар хорт хаягдлыг байршуулахгүй хэмээн шийдсэн. Цэвэр усны нөөцтэй ойрхон байгаа хорт хаягдлын асуудлыг шийдэж өгнө үү?
-Багахангайтай холбоотой зүйлийг ярилаа. Монгол Улсад хэрэглэдэг, ашиглаад хаяж байгаа химийн шинж чанартай, удаан хадгалж нөөцлөхөд хэцүү, хаясан ч гэсэн үр дагавартай химийн бодис, янз бүрийн зүйлүүдээ хадгалдаг, зориулалтын дагуу хийдэг тусгай газар хэрэгтэй. Газар бүхэн муу хог хаягдлаа хаяж таарахгүй, ялангуяа химийн айхтар үр дүнтэй хаягдлыг газар бүхэн, байгууллага болгонд байлгаад байж болохгүй. Өнөөдөр эмнэлгүүд дээр цацраг идэвхт ч гэдэг юм уу, олон янзын юм байгаа. Багахангайнхны ярьж байгаа зүйлийг би сонсож байгаа. Усны эх үүсвэр гэж ярьж байгаа. Дээр нь Улаанбаатарын тэлэх ёстой газар гэж байгаа. Байршлын хувьд биш юм шиг байна. Тийм учраас Багахангайн тэр байршлыг солихоор ярьж байгаа. Ойрын үед энэ асуудал шийдэгдэнэ. Багахангайнхан тайвуухан байж болно оо.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Бадамцэцэг:
-Гадаад руу олноор алдагдаж буй өнчин хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар төр засгийн хэмжээнд хамтран ажиллах хүсэлтэй байна.
-Өнчин хүүхдүүдтэй холбоотой асуудал гарлаа. Саяхан нэг хуульд өөрчлөлт орсныг мэдэж байгаа байх. Яг одоо асрамж шаардлагатай, асрах хүнгүй ахмад хүнийг асарч байгаа бол, өнчин өрөөсөн хүүхдийг асарч байгаа бол урамшуулал өгдөг болсон. Энэ бол зөв. Хоёр ахмад үлдчихсэн нэг ахмад нь нөгөөгөө харж байгаа бол бас тэр урамшуулалд хамрагдах тухай асуудал байгаа юм байна лээ. Энэ асуудал хуулиар шийдэгдэж байгаа гэдгийг хэлье.
 
Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хорооны өндөр настан Далай:
-Би Шарга морьтод буюу хотын ногоон бүсэд амьдардаг хүн. Ногоон бүсэд хүмүүс модыг нь унагаж хаячихаад байшин барьчихдаг. Үүнтэй холбогдуулан арга хэмжээ авч өгнө үү. Мөн өндөр хүчдэлийн шугам доор айл буулгах зөвшөөрөл өгөөд байна. Хуучин газрын албаны нөхөд зөвшөөрөгдөхгүй газар айл буулгачихаад тэгээд тэднээсээ татвар татаад байна. Энэ асуудлыг судлан үзэж арга хэмжээ авч өгнө үү. Гуравдугаарт нь хуучин дарга нар Сэлбийн голыг хотын дундуур урсгаж сайхан болгож өгнө гэж төсвөөс долоон тэрбум төгрөг гаргаж ажил хийсэн. Энэ асуудал юу болов. Сэлбийн голын эхээр маш олон айл буугаад хашаа болгондоо гүний худаг гаргаад одоо усны урсацгүй боллоо. Байгаль орчны асуудалд сөргөөр нөлөөлж байна. Үүний хотын удирдлагууд анхаармаар байна. Бас ашигт малтмал ашигласан компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байна
-Нөхөн сэргээлт хийгдэхгүй, нөхөн сэргээлтийг шийдэхгүй тийм уул уурхайн ашиглалтын асуудал цаашид гарахгүй. Үүнийг шинэ хуулиар зохицуулж өгнө. Бусад асуудлыг нийслэл дээр ярилцах байх.
Махны үнийн хөөрөгдөлтийн асуудлыг зогсоож болох юм байна

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Өлзийбат:

-Өнөөдөр Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзаж байгаад баярлаж байна. Надад нэг санал хүсэлт байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд махны үнэ 10000 төгрөг давчихлаа. Нөөцийн махны худалдаа үр дүнтэй болж чадахгүй байна. Гэтэл Монгол Улс өнөөдөр 50 сая малтай. Социализмын үед 25 сая малтай байсан ч махны үнэ ингэж хөөрөгдөж байсныг бид үзээгүй юм. Тиймээс хөдөө аж ахуйн талаар төрөөс тодорхой хууль гаргах шаардлагатай, яагаад гэхээр 50 сая мал махны үнийг хөөрөгдөж байна. Газар нутгийг талхалж байна. 50 сая малын 25 саяыг шууд хөдөөгөөс зах зээлд нийлүүлэх ийм хуультай болгомоор байна. Тэгвэл махны үнэ хямдарна. Ноос ноолуур нь борлогдоно, үйлдвэр хөгжинө, зуд болохоор өдий төдий мал хорогддог, малын арьс шир ямар ч хэрэгцээгүй хаягддаг шүү дээ. Энийг ямар хуулиар зохицуулах вэ гэдгийг бодоод мал өссөний үр дүнг ард түмэн яаж хүртэх ёстой гэдгийг хуульчилж өгвөл ямар вэ гэсэн санал байна. Танд амжилт хүсье.
-Махны үнэтэй холбоотой асуудал гарлаа. Сонгууль явах гээд, энэ Засгийн газар байгуулагдах гээд, мөнгө төгрөг нь шийдэгдэх гэсээр байгаад махтай холбоотой асуудалд оройтож арга хэмжээ авсан. Одоо би Ерөнхий сайдтай уулзахдаа махтай холбоотой асуудлыг найм, есдүгээр сар гэхэд хэлэлцэж мөнгийг нь гаргаж бэлдүүлэх хэрэгтэй гэж хэлэх гэж байна. Үнэ нь буурчихсан, уначихсан, мал мах хямдхан байдаг үед бэлдэх хэрэгтэй. Тэгэх юм бол махны үнийн хөөрөгдөлтийн асуудлыг зогсоож болох юм байна. Хямдруулж болох юм байна. Өнөө жилийн хүрч байгаа үнийн түвшинг дараа жил хадгалж болох юм байна. Буулгах ч боломж байх юм байна гэдэг нь харагдаж байгаа шүү.
Өмнө нь ямар их сэтгэлгүй байсныг Д.Баттулга дарга мэдэж байгаа. Нэг баахан мах хөгцөрч актлагдсан биз дээ. 58 машин мах шүү дээ. Багахангай дээр хөгцөрсөн махаар иргэдэд өгөх ёстой сайн махыг солиод хаячихсан тохиолдол гарсан. Одоо бол ийм зүйл байхгүй. Өмнө нь 16 мянган тонн мах бэлтгэдэг байсан. Одоо 12 мянган тонн бэлтгээд, ерөнхийдөө шинэ мах гарах хугацаатай залгах бүрэн боломжтой гэж Засгийн газар тооцоо хийсэн байна лээ. Дээрээс нь мах, өргөн хэрэглээний барааны үнэтэй холбоотой мэдээлэл бүх албан тушаалтны утсанд ирж байгаа. Одоо мах, гурилын үнэн дээр алддаг албан тушаалтан гарахааргүй болж байгаа. Байнгын анхаарал дор байгаа. Хамгийн өндөр үнэтэй, цагаан захтнуудын мах худалдаж авдаг Меркури зах дээр өнөөдөр үхрийн шулсан кг мах 11500 төгрөг байгаа. Зарим газар 9000, 10000 төгрөг гээд махны төрөл, зүйлээсээ болоод өөр өөр үнэтэй байна лээ. Би үүнийг өглөө харсан. Та нарыг босч ирээд махны үнэ асуувал хэлэх ёстой гэж бодож байсан юм. Мах бэлтгэлийг оройтож эхлүүлсэн. Одоо энэ жил цаг хугацаандаа асуудлаа шийдэх ёстой.
Эмнэлгүүдийг өөд татъя гэвэл гурван зүйл хэрэгтэй юм билээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн эмч Алиманцэцэг:

- Ерөнхийлөгчид хандан хэлэхэд өнөөдөр Монгол Улсад улсын хэмжээгээр хор, хор судлалын тухай асуудал үнэхээр байхгүй байна. Хор судлах лабораторийн асуудал байхгүй байна. Энэ чиглэлээр цэргийн эмнэлгийн дэргэдэх үндэсний яаралтай тусламжийн төвийг 1989 онд би анх үүсгэн байгуулсан. Үүний дараа Украины Шинжлэх ухааны академийн нэр дээр Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн газар дээр эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хоёр улсын Засгийн газрын шугамаар хийж байсан. Харамсалтай нь Засгийн газрын гэрээ цуцлагдсанаар хамгаалагдаж чадаагүй. Монгол Улсын цацрагт идэвхт бодисын судалгаа, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нь гэсэн их том судалгааны ажил байсан. Айванхоу майнзын 1300 метрийн гүний уурхайд ажиллаж байгаа 25-32 насны 100 гаруй залуучууд уурхайн гүнд битүү орчинд ажиллаж байна. Энд монгол эмчийн ямар ч хяналт байхгүй. Өнөөдөр улсын хэмжээгээр байдаг яаралтай тусламж, цэргийн эмнэлэг, мэргэжлээс шалтгаалах деспансер, мэргэжлийн эмч учир дутагдалтай байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Би энэ асуудлаар 30 жил хөөцөлдөж байна. Шинжлэх ухааны салбар дээр ч, эрүүл мэндийн салбар, яам, сайд, дарга, Ерөнхий сайд дээр хүртэл орж байсан. Юу ч биелэгдээгүй 30 жилээ алдсан байгаа юм. Өнөөдөр уул уурхайн хөгжил Монгол орныг хөгжүүлэх чухал салбарын нэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд байг гэхэд осол маш их байна.
-Эм, хүнстэй холбоотой асуудал гарч байна. Хүнсний аюулгүй байдал, эмийн аюулгүй байдал гэдэг бол үнэхээр анхаарах шаардлагатай асуудал. Би өмнөх Засгийн газар, энэ Засгийн газрыг байгуулагдахад ганц юм шаардаж байсан. За та нар олон яам, агентлаг хэрэгтэй л гээд байна. Эм, хүнсний аюулгүй байдлыг хянадаг байгууллага, агентлаг аль ч улс оронд байдаг юм шүү. Үүнийг хянахгүй бол хүмүүсийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, улс орны аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдал хэцүү болно гэж. Үүн дээр УИХ, Засгийн газар санаа тавьж шийдэх байх аа. Энэ бол шийдэх шаардлагатай зүйл байгаа юм. Эмнэлгүүдийг өөд татъя гэвэл гурван зүйл хэрэгтэй юм билээ. Барилгыг нь, лаборатори, тоног төхөөрөмжийг нь орчин үеийн хэмжээнд шийдэж өгөх хэрэгтэй. Дээр нь эмч, сувилагч нарыг бэлтгэдэг, солилцдог, мэргэшүүлэх асуудлыг өндөр хэмжээнд шийдэх хэрэгтэй. Ингэвэл асуудлуудыг шийдэх боломжтой. Үүн дээр чиглэл чиглэлээрээ анхаараад явах байх аа.
Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд асуудлыг шийдэж чадах байх

Баянзүрх дүүргийн иргэн Батсүх:

-Газрын зохион байгуулалтын асуудлаар саналаа хэлье. Баянзүрх дүүргийн газрын алба 143 мянган га газарт, 278 мянган хүн амд газрын зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл өнөөдөр 28 хорооны дунд тавхан газар зохион байгуулагчтай. Нэг газар зохион байгуулагч өдөрт 50-60 хүнтэй уулздаг гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр газар зохион байгуулалт хуулийн дагуу явах боломжгүй болсон. Үүнийг анхаараач гэж хэлэх гэсэн юм.
Мөн ямар ч зөвшөөрөлгүй газар аваад барилга барьсан тохиолдолд үүнийг хураах талаарх заалт Газрын тухай хуульд огт байхгүй байна. Үүнийг анхаарч хуулиа шинэчлэх хэрэгтэй байна.
-Газрын хууль гэж Э.Бат-Үүл дарга сая хэлсэн. Энэ хууль санаачлагдаад явах байх. Тэнгэрт ярьдаг байсан энэ зүйлийг одоо газарт буулгаж Газрын хуулиар асуудлыг зохицуулах ёстой. Монгол Улсын нийслэлээс холдох тусам, магадгүй газар нутгаа гурван бүсэд хуваагаад хамгийн зах хязгаарт байгаа хүн илүү газар авах боломжтой. Тэрнээс наашлахаар арай багасдаг ч юм уу, иймэрхүү боломжууд гаргамаар байгаа юм. Нийслэлдээ байгаа алга дарам газрыг булаацалдах биш, улс орон даяар газрын өмчлөл, хувьчлалын асуудлыг их зөв шийдмээр байгаа юм. Өмнө нь гэр бүлд гээд газрын хувьчлалыг шийдсэн нь буруу болчихсон. Хэндээ өгөхөө мэдэхгүй, ерөөсөө газрын хувьчлалыг зогсоосон ийм зүйл болж хувирсан юм. Үүнийг зөв шийдэхийн тулд УИХ-ын гишүүд судалж байгаа байх. Гэхдээ маш их бэлтгэл хэрэгтэй. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд асуудлыг шийдэж чадах байх гэж бодож байна.
Бидний буруу зөвийг ярьдаг юм заавал байх ёстой
Сонгинохайрхан 11 дүгээр хорооны ИНХ-ын төлөөлөгч Бадарч:
-Д.Баттулга даргаас асуухад хорооны иргэдийн Хурал, хорооны Засаг даргыг сонгох сонгууль бол 300 хүн ирээд 100 нь саналаа өгөөд сонгочихож байгаа юм. Үүнийг хуулийн дагуу боловч би буруу гэж үзээд байна. Яагаад гэхээр иргэдтэй уулзахад чамайг хэн сонгосон юм бэ. Чи хэн бэ гэж асуугаад байгаа. Тэгэхээр дээд шатныхаа сонгуультай цуг хийж болохгүй юу. Том дарга нар, ИХ-ын гишүүдийг болохоор бүгдээрээ дугуйлдаг. Хамгийн ойрхон ажиллах дарга юм уу, төлөөлөгчөө болохоор сонгож болдоггүй ямар хууль вэ?
Ерөнхийлөгчөөс асуухад энэ олон телевизүүд дунд чинь ёс зүйгүй, буруу ташаа мэдээлэл цацдаг телевизүүд байна шүү. Даргыгаа өмөөрдөг, ард иргэдийн тархийг угаадаг худлаа мэдээлэл цацдаг энэ асуудалтай яаж тэмцэх вэ. Ял эдэлж байгаа хүнээ дарга гэчихээд Ерөнхийлөгч нь үг хэлж байхад чи битгий худлаа яриад бай гэж хэлж байгаа ард түмний дундаас биш намын нэрийн цаагуур шургаж гарч ирсэн нэр бүхий Их Хурлын гишүүд ичээсэй. Засаг даргаас асуухад манай нийслэл өнгөө засаад гоё болохоор төлөвлөж байгаа нь маш сайшаалтай. Гэхдээ хэзээнээсээ монголчууд алс холыг газрыг хос морьтой туулдаг байсан учраас миний санал бол энэ Багануур, Налайх энэ тэрийг хөгжүүлнэ гэж яриад байгаатай санал нийлэхгүй байгаа юм. Бүр Орхоны хөндий ч юм уу, эсвэл бүх талаасаа ард иргэд нь хүрэлцэн ирэхэд төв нь болох тэр эртний нийслэл байсан түүхтэй газраа шинэ нийслэл байгуулж болдоггүй юм уу. Парламентын ордон, метро, хурдны замаа байгуулж болохгүй юу.
-Надад хандаж асуусан асуултад хариулъя. Янз бүрийн телевизүүд янз бүрийн юм гаргаж тархи, толгой угааж байна гэлээ. Би үүнтэй санал нийлдэггүй юм. Миний толгойг угааж байна. Буруу мэдээлэл өгч байна. Хүн гүтгэж байна гэдгийг мэдэж л байгаа бол тэр чинь гоё, тэр чинь сургалт байхгүй юу. Дандаа сайн талын мэдээ, дандаа нэг юм очоод байвал явахгүй. Ёс зүй, хариуцлагаа өөрсдөө л ойлгоно биз. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд өөр өөрийн ёс зүйн дүрмээ мөрдөөд үзүүлдэг харуулдаг юмаа үзүүлж байх хэрэгтэй. Манайд болохгүй байгаа юм хүртэл эргээд иргэдэд сургамж болоод байгаа юм. Энэ чинь болдоггүй юм байна. Энэ чинь муухай юм байна гэж ойлгож байна гэдэг чинь ардчилал байхгүй юу. Энэ бүр нээлттэй байх ёстой. Шүүмжлэл бүр сайн байх ёстой. Бидний буруу зөвийг ярьдаг юм заавал байх ёстой юм. Ер нь сайн нялуун магтаалаас шударга шүүмжлэл илүү дээр байдаг. Заримдаа гүтгэсэн байлаа ч хамаагүй. Гүтгэлэг дээр эмзэглэх байсан бол бид юу гэж улс төрд ийм олон жил явах вэ дээ.

Гэрээр хүүхэд харах үйлчилгээг бичил цэцэрлэг ч гэж болно
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Ганбаатар:
-Би 240 хүүхдийн цэцэрлэгийн 4 холболтын суурь хийх тендерт шалгарсан юм. Би өөрөө барилгын зөвлөх инженер хүн. Гэтэл 240 хүүхдийн нормд таарсан газар байхгүй байна. Энэ стандартад таарсан газрыг олгомоор байна. Хоёр айлын газрыг чөлөөлж энэ газрыг бүрэн бүтнээр нь олгож өгөхийг хүсье. Эндээс нэг уриалга гаргамаар байна. Гэр хорооллуудад сургууль, цэцэрлэг ихээр баригдана. Иймд тухайн оршин суугчдын зүгээс болон хотын захиргааны зүгээс идэвхтэй оролцохыг уриалж байна. Бас цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжид анхаармаар байна.
-Цэцэрлэгийн хүрэлцээг хангах нэг боломж байна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээг бичил цэцэрлэг ч гэж нэрлэж болохоор юм байна гэж бодоод сууж байлаа. Өвөө эмээ нар таван хүүхэд хараад байж болно. Хоёроос таван настай хүүхдийн картад хувьсах зардлыг нь хийчихье гэж байгаа юм. Тэр карт хэдийд ажиллах вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдсөн цэцэрлэгийн үйлчилгээнд хүүхэд хамрагдсан тохиолдолд. Тэрнээс биш хоёроос таван настай хүүхдээ гэртээ цоожилчихоод л мөнгийг нь аваад байна гэж битгий бодоорой. Хүлээн зөвшөөрөгдсөн гэрээр хүүхэд харах үйлчилгээ юм уу, бичил цэцэрлэгт хамрагдсан, ажлын газрынхаа дэргэдэх цэцэрлэгт хүүхэд нь явж байгаа бол авна. Цэцэрлэгтэй холбоотой асуудал Монгол Улсад ойрын хоёр гуравхан жилийн дотор бүрэн шийдэгдэх боломжтой. Энэ шийдэгдвэл цаана нь хэчнээн олон хүний цаг, хэчнээн олон хүүхдийн аюулгүй байдал, эрүүл өсөх орчин хангагдах вэ гэдэг чухал байгаа юм.

Би хийхээ ярьж, ярьснаа хийдэг хүн
Ерөнхийлөгчид бичгээр бас олон асуулт ирүүлсэн тул тэдгээрт хариу өглөө.
“Намайг шүүмжилдэг. Та их ярьж, бага хийж байна ч гэх мэтээр. Үүнийг би хүлээж авч байгаа. Тэгэхдээ би нэг зарчим хэлмээр байна. Би хийхээ ярьдаг. Ярьснаа хийдэг хүн. Ярьсан л бол хийхийн төлөө явна. Тэндээс үр дүн гарна.
УБХ-ын гишүүн байхад Үндсэн хууль батлалцсан гээд хоёр өрөө байр өгч байсан. Та түүнийгээ яасан бэ гэж асуужээ. Манай “Хонх”-ны Цогтсайханы ар гэр байр хүсээд би тэр байраа тэднийд шилжүүлсэн.
Залуучуудын чөлөөт цаг өнгөрөөхтэй холбоотой сая нэг сайхан санаачилга гарсан. Би түүнийг дэмжиж байгаа. Ер нь спорт, хөлбөмбөгийг дэмжих ёстой. Сум бүхэн хөлбөмбөгийн талбайтай, томоохон дүүргүүд, томоохон хотууд хөлбөмбөгийн ордон, заалтай болъё. Түүнийгээ спорт, уулзалт, соёлын арга хэмжээндээ ашигладаг болох хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Эхний хоёр талбай Баянхонгор аймгийн хоёр суманд баригдахаар болсон байна. Энэ хөдөлгөөнийг бүгдээрээ дэмжин өрнүүлье. Төгссөн сургууль, төрсөн сумандаа нэг юм хийе гэж хүн бүр боддог. Наад зах нь хөлбөмбөгийн талбай байгуулж өгөөд л явах нь том ач гавьяа шүү. Хүн жаахан бодоод л хийх юм бол Монголд ямар ч асуудлыг шийдэх боломж бүрдсэн байгаа гэдгийг хэлье.
Иргэн ч, дарга ч, Ерөнхийлөгч ч нэг саналын эрхтэй
Сонгууль, санал өгөхтэй холбоотой нэг асуулт байна. Энд нэг л зүйл хэлье. Ан Сан Су Чи гэдэг гайхалтай эмэгтэй хэлж байсан. Сонгуулийн үед Ерөнхийлөгч ч адилхан, жирийн иргэн ч адилхан нэг эрхтэй болдог юм. Яагаад гэвэл хоёулаа нэг саналын эрхтэй байдаг юм гэсэн. Үнэхээр 18-аас дээш насны хүн бүхэн яг ижилхэн. Хурлын дарга Баттулгад та нараас илүү эрх байхгүй. Энэ хүн нэг л санал өгнө. Бат-Үүл нэг санал, би нэг санал өгнө. Ямар учраас залуучуудын асуудал шийдэгдэхгүй байна. Ямар учраас би тэр хүмүүсийн өмнөөс ярьдаг болчихов гэвэл уг нь ганц би тэдний өмнөөс ярих биш, тэдний өмнөөс энэ сонгогдож байгаа бүх хүн ярих учиртай. Залуусын асуудал шийдэгддэггүй гэдэг нь дөчөөс дээш настай, голдуу ахмад хүмүүс сонгуульдаа маш идэвхтэй оролцдог. Залуучууд сонгуульдаа оролцдоггүй. Тийм учраас залуу гэр бүлийн асуудал шийдэгдэхгүй байна. Тийм учраас оюутны төлөө хүн ярихгүй байна. Тийм учраас залуу ээжүүдийн асуудлыг ярихгүй байна. Тийм учраас оюутнууд сургууль төгсөөд ажилд орох тухай асуудлыг ярихгүй байна. 18-аас дээш насны залуучууд 100 хувь очоод саналаа өгдөг байх юм бол улс төр, сонгуульд оролцож байгаа бүх хүн залуусын төлөө ажил хийж, амлалтаа биелүүлэхийн төлөө явна. Тэгэхээр санал бол их чухал шүү. Хаанаа өгөх нь та бүхний эрхийн асуудал.
УИХ-ын зарим гишүүн энд харагдсан. Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг өнөөдөр урьсан юм. УИХ-ын гишүүн бүхэн иймэрхүү маягаар уулзалт хийж байгаасай. Дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ заавал уулзаж байгаач ээ. Бат-Үүл дарга тав дахь өдөр бүр иргэдтэй уулзаж байхаа хэллээ. Мэдээж ажилтай л байх байх. Гэхдээ тодорхой цаг гаргаад иргэдээ хүлээж авч байя гэж байна.
 
Ажилтай болгох сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа
Сая уулзалт дээр ярьсныг 100 хувь асуудал гэвэл бараг 80 хувь нь иргэд, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зүйл яригдлаа.
Надад хаягласан хоёр гурван асуултад бас хариулъя. Ажлын байртай холбоотой асуусан байна. Би түрүүн хэлсэн. Ажлын байрны асуудлыг шийдэхэд нөгөө үйлдвэрлэгчдээ, нөгөө дотооддоо юм хийж байгаа улсаа дэмжих хэрэгтэй. Төсвийн мөнгөөр гаднаас юм худалдаж авдаг биш, дотроосоо авдаг болох хэрэгтэй. Гаднаас авдгийг нь хориглох юм бол Монголд олон ажлын байр бий болно. Нэг сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ Засгийн газрын үед нэг хэрэгтэй яам байгуулагдсан. Тэр нь Хөдөлмөрийн яам. Хүний ажлыг хариуцсан бүхэл бүтэн яам бий болсон. Санжмятав сайдаас би долоо хоног бүхэн мэдээлэл авч байдаг. Маш сайн мэдээлэл өгч байгаа. Насанд хүрэгчдийг сургах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм билээ. Хуучин 10 сар байсан, одоо таван сар болгоод л, хоёр сард нь онол, гурван сард нь дадлага байгаа. Манайхан 40-өөс дээш настай болохоор намайг ажилгүй болголоо. Авахгүй байна гээд байдаг. Одоо бол цоо шинэ мэргэжил эзэмшүүлээд, өмнө байсан мэргэжил дээр нь жаахан шинэ юм нэмээд л ажилтай болгох, зуучлах юм билээ. Тэгэхээр энэ бүхэнд хамрагдах ёстой. Цаашдаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжиж өгөх хэрэгтэй. Дотооддоо манай иргэд хариуцлагатай, мэргэжилтэй болоод сайн ажил хийгээд байвал гаднаас заавал олон хүн аваад байх шаардлагагүй болно.

Хүмүүсийн нүдийг нээх, хүмүүсээ бэлтгэх ажлуудыг төр илүү анхаарч ажиллах хэрэгтэй
Багш эмч нартай холбоотой хоёр асуудал ирсэн байна лээ. Бид нар сургуулиа өөд татъя гэвэл багшдаа туслах хэрэгтэй. Эмнэлгээ өөд нь татъя гэвэл эмч нартаа туслах хэрэгтэй. Цаашдаа солилцооны хөтөлбөрийг маш өргөнөөр хийх хэрэгтэй. Энэ бол маш сайн гэж бодож байгаа юм. Нэг сар яваад өөрийнхөө чиглэлийн сургуульд юм уу, гадны сургуульд очоод зааг л дээ. Нэг хүн гайхаад байсан. Солонгос, англи хэл мэдэхгүй багш очоод математик заасан чинь тэр Солонгосын сургуулийн сурагчид маш сайн ойлгосон юм байна. Тэр математик заахад заавал солонгос хэл хэрэггүй юм байна лээ. Зүгээр л тэр багшийн заах арга бүх зүйл нь ойлгогддог юм байна шүү дээ. Эмч бас яг тийм байна гэж байгаа юм даа. Тэгэхээр зургаан сар, нэг жил курст сургаж тэр хүмүүсийн нүдийг нээх, хүмүүсээ бэлтгэх ажлуудыг төр илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал энэ ажил явах юм. Дээрээс нь би Санжмятав сайдад нэг юм хэлсэн. Монголчууд чадалтай, боломжтой залуучуудаа гадагшаа явуулдаг биш, харин чадалтай боломжтой залуучуудаа гаднаас ирүүлдэг компани байгуулъя. Тийм төрийн байгууллага байгуул. Хөдөлмөрийн яам ийм ажил хий. Гаднаас ажиллаж байгаад хүрч ирж буй хүмүүсдээ ажлын байрыг нь зуучилдаг, аж ахуйн нэгж байгуулахад нь зуучилдаг ажлыг хийх хэрэгтэй.
Та дахин нэр дэвших үү, дэвшвэл ямар зарчим баримтлах бодолтой байна
Ардын намын нэр дэвшигч тодорч байх шиг байна. Та дахин нэр дэвших үү, дэвшвэл ямар зарчим баримтлах бодолтой байна гэсэн байна. Энэ асуудал одоо удахгүй шийдэгдэх байх. Миний ойрын үед баримтлах гурван зарчим байгаа. Энэ зарчим цаашдаа ч байх хэрэгтэй гэж бодож байна. Хийж байгаа ажлаа замын дунд хаяж болохгүй. Одоо бол зогсох цаг биш, одоо бол цаашаа эрчтэй үргэлжлүүлж, үр дүнг нь үзэх цаг. Ийм нэг зарчим байх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Хоёр дахь зарчмыг би нэлээн ярьсан. Одоо бол хийдэг бүтээдэг цаг. Одоо бол талцаж, улс төржиж бие биеийнхээ ажлыг унагадаг цаг биш. Одоо бол юм хийх гэж байгаа Засгийн газрыг дэмждэг цаг. Юм хийх гэж байгаа аймаг, нийслэл, сумын удирдлагыг дэмждэг цаг. Юмыг нь хийлгэдэг цаг. Бид 20 жил юм хийлгүй ярьж, улс төржиж хойшоо татлаа. Одоо бидэнд энэнээс цааш явах хугацаа алга. Тэгэхээр бид хийж бүтээдэг цаг. Сонгуульд нэр дэвших юм бол миний барих зарчим ойлгомжтой. Хүн муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй явна гэж бодож байгаа.
Улс төржилт, улс төрийн намтай холбоотой асуудал ирсэн байна. Миний нэг барих зарчим бол улс төрждөг, бие биеэ улнаас нь хойш нь чангаадаг ийм зүйлийг зогсоох шаардлагатай. Улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ажлын хэсэг нь гараад ажиллаад, судлаад явж байгаа юм байна лээ.
 
Архигүй соёл улам дэлгэрээсэй гэж бодож байгаа
Архитай тэмцэх Үндэсний нийгэмлэгийн тэргүүн Цогтсугар гуайгаар аль нэг телевизээр орой болгон нэг цаг яриа хийлгүүлэх боломж байна уу гэж асуусан байна. Манай энэ архитай тэмцэж байгаа улсууд, энэ чиглэлээр явж байгаа архинаас гарч байгаа, ээжийнхээ өмнө тангараг өргөж байгаа хүмүүс, архигүй хурим, архигүй төгсөлт, архигүй наадам, архигүй баяр гээд маш олон сайхан юм хийж байна. Энэ соёл улам дэлгэрээсэй гэж бодож байгаа. Энэ үйл ажиллагаанд залуучууд, Цогтсугар гэдэг хүн маш их хувь нэмэр оруулж байгаад би их баярлаж байгаа.
Хүний наймаатай маш сайн тэмцэх хэрэгтэй шүү гэж байна. Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт явж байхдаа ямааны мах, казах хүн хоёрт дургүй гэж хэлсэн гэж казах иргэдийн дунд яригдаад таны нэр хүндийг унагаагаад байна. Энэ үнэн үү гэж Налайх дүүргийн гуравдугаар хорооны иргэн асуужээ.
Тийм юм байхгүй ээ, тэр өөрийнхөө иргэдэд дургүй Засаг дарга байсан байж магадгүй. Нэг тийм хариуцлагагүй, улс төржсөн Засаг дарга тийм яриа тараасан байгаа юм. Бас нэг хариуцлагагүй нэр дэвшигч тараасан байгаа юм. Юу гэж казах ч бай, монгол ч бай, иргэддээ дургүй Ерөнхийлөгч байх юм бэ. Тийм зүйл байхгүй ээ. Казанд дургүй гэж бүр худлаа, би бол тэр каз, адуу, ямааны маханд нугасгүй шүү дээ. Ийм нэг хоёрын хооронд юмаар нөгөө талаа унагаж оноо авах гэсэн юм явцгүй гэдгийг хэлмээр байна.
 
Шүүхээр тогтоогдсон эдийн засгийн хохирлыг заавал төлүүлдэг байх хэрэгтэй
Би үүнийг зарчим болгож шинэ хуульд орох ёстой гэж бодож байгаа. Эдийн засгийн холбогдолтой гэмт хэрэгт, авлигад холбогдсон хүмүүс байна. Өнөөдөр  мөнгө хүчтэй хэвээрээ л байна. Зарим газар эдийн засгийн шинжтэй гэмт хэрэг хасагдаад явж байгаа ийм зүйл ч их байна. Зовлонтой юм байна. Гэхдээ шүүхээр тогтоогдсон эдийн засгийн хохирлыг заавал төлүүлдэг байх хэрэгтэй. Тэр Мэндбаяр гээд Хадгаламж зээлийн хоршооны захирал шоронд сууж байгаад гарсан. Тэр нөхөр бол шүүхээр тогтоогдсон мөнгөө төлөх шүүхийн шийдвэртэй байгаа. Насан туршид нь энэ шийдвэр дагах ёстой. Тэрнийхээ хойноос шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явах ёстой. Үүнийг бид заавал хуульчилж өгөх ёстой. Ууж идсэн гээд байгаа нөхдүүдээс эхлээд мөнгийг нь салгаж улсын орлого болгох ёстой. Тэр жил сарыг тусад нь шийдэх хэрэгтэй.
Хоёр дахь нэг асуудал бол авилга өгсөн авсан хоёрыг хамтад нь шийтгээд хэрэггүй гэжээ. Одоогийн Хууль зүйн сайдын оруулж байгаа шинэ хуулиар хүний хүч, албан тушаалтны хүчинд дийлдээд ажлаа аргагүйн эрхэнд бүтээлгэх гэж авилга өгсөн хүн хэргээ хуулийн дагуу хүлээх юм бол тэр хүнийг хуулийн хариуцлагаас чөлөөлдөг болж байгаа. Харин ч урамшуулдаг болох хэрэгтэй. Ийм байдлаар авилгын асуудал цаашдаа шийдэгдэнэ.  Цаашаа сайн жишиг болоод явахаар болж байгаа шүү гэдгийг хэлье.
 
Төрийн албан хаагчдын халаа сэлгээний асуудал дээр хуульд өөрчлөлт оруулна
Төрийн албан хаагчдын суурьшил, халаа сэлгээний асуудал дээр цаашдаа Төрийн албаны хуульд өөрчлөлт орно. Цаашдаа сайн ажилладаг төрийн албан хаагч хууль, төрийн албаны шалгуурын дагуу дэвшээд явдаг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээр гаргана. Баталгааг нь хангана. Тухайн хүний чадвар, мэдлэг, мэргэжил, ёс зүй гэдэг гол шалгуур болно. Түүнээс намын гишүүн гэдэг гол шалгуур байж болохгүй гэсэн хуулийг гаргахаар бэлдэж байгаа.
 
Бид даргын засаглалаас хуулийн засаглалд шилжих гэж байна
Төгсгөлд нь хууль шүүхтэй, хотын асуудалтай холбоотой хэдэн асуулт ирсэн байна. Шүүхийн шинэчлэлийн шинэ хуулиуд дөнгөж дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлж байна. Хууль, шүүхийн шинэчлэлийн хүрээнд бүрэн утгаараа хэрэгжих 20 орчим хууль бий. Үүний дөнгөж зургаа нь батлагдсан. Энэ ажлууд үе шаттай хийгдэж байна. Бүрэн хэрэгжтэл тав зургаан жилийн ажил байгаа. Бид даргын засаглалаас хуулийн засаглалд шилжих гэж байна. Энд хэн гэдэг хүн Ерөнхийлөгч, дарга, сайд байснаас үл хамааран хууль дээр юу гэж байна,  тэр дагуу л хэрэгждэг болох хэрэгтэй байгаа юм. Ийм улс болж байж Монголын ард түмэн аз жаргалтай, Монгол Улс сайн улс болж хувирна. Шүүх дээр гаргаж байгаа бүх шийдвэр бүгд нээлттэй болсон. Энэ бол гайхамшигтай зүйл шүү. Одоо шүүгч хүн бүр шийдвэрээ гаргахдаа боддог болсон. Миний гаргаж байгаа шийдвэрийг хүн бүхэн унших юм байна. Хуулийн сургуулийн оюутнаас авхуулаад Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч хүртэл унших юм байна. Ийм учраас би сайн шийдвэр гаргах юм байна  гэж боддог болсон. Үүнийг бүр хуульчилж өгч байгаа. Энэ бол маш том ахиц. Үүний дагуу шүүхэд маш том өөрчлөлт гарч байгаа. Энэ хэрэгжээд эхэлсэн.
Шүүх хуралдаан дээр иргэдийн төлөөлөгч гээд нэг хүн ажиглаад суудаг байсан. Одоо шийдвэр гаргалтад анхан шатанд шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй болж байгаа юм. Энэ бол том дэвшил. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргахад иргэн оролцож байгаа нь жинхэнээсээ иргэдийн нуруу тэнийж байгаа хэрэг. Хэрэв тэр хүн шүүгчдээс өөр саналтай байсан бол саналаа дараагийн шатанд бичиж өгдөг болж байгаа. Мөн бүх шүүгч аливаа хэргийг авч хэлэлцэхдээ нөлөөллийн мэдүүлэг бөглөж байгаа. Тухайн хэргийн асуудлаар хэн, ямар албан тушаалтан, ар гэрийн хүн, дарга цэрэг гээд нөлөөлөх гэж оролдсон хэн ч байсан хэрэгт хавсаргаж байгаа нөлөөллийн мэдүүлэгт заавал тэмдэглэж байгаа. Иймд хэрэгт нөлөөлөхөөр оролдсон хэнийг ч Их Хурлын гишүүнээс эхлээд Ерөнхийлөгч ч бай, ийм зүйл хийсэн нь тогтоогдвол тэр хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх болно гэж хуульд зааж өгсөн. Энэ бол Монголын шүүхийг бүрэн өөрчилнө. Одоо шүүхийн гадаа очиж жагсдаг, өлсдөг, тэмцдэг, шүүхэд нөлөөлөх гэж оролддог байдал хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм.
Мөн дээр нь шүүхийн салбарт эвлэрүүлэн зуучлах гэж нэг чухал асуудал нэмэгдсэн. Өмнө нь ямар нэгэн том жижиг хэрэгт холбогдсон хүмүүс шүүхийн шийдвэрээр ял авч хохирдог байсан бол одоо бүх шүүх дээр аливаа хэргийн анхан шатны үед нь эвлэрүүлэн зуучлах тусгай цалинтай хүмүүс ажиллаж эхэлнэ. Анхаарал болгоомжгүй байдлаасаа юм уу, ямар нэгэн хэрэгт татагдсан хүн, гэр бүлийн салалт гэдэг юм уу, заавал шоронд очих шаардлагагүй хүмүүсийг эвлэрүүлэн зуучлаад хэн хэнд нь зөвөөр шийдчих юм бол яллахгүй болж байгаа. Бүр үүний тухай тусдаа хууль батлагдсан.

Шүүхийн шинэчлэл нийгэмд сайн жишиг үлдээх ёстой
Шүүгчийг насаар нь томилдог шүүгчийн дархан байдлын талаарх хуучны ойлголт өөрчлөгдсөн. Мэргэжлийн шалгалтыг гурваас таван жилийн хугацаанд байнга авдаг, сэлгэн ажиллуулдаг, хэргийг үнэн зөвөөр шийдсэн байдлаар нь үнэлж дүгнэдэг гээд олон өөрчлөлт хэрэгжинэ. Дээр нь шүүх өмнө нь төсвөө Сангийн яамаар дамжуулан хэрэгжүүлдэг байсан бол төсөв санхүүгийн хараат бус байдлыг өөрчлөн шууд УИХ-д тавьж шийдвэрлүүлдэг болсон. Ингэснээр төсөв, санхүүгийн асуудлаас болж шүүхэд нөлөөлөх гэж оролддог нь үгүй болно. Хуульчийн асуудал бас байна. Дурын дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн хүмүүс дахин хуульчийн шалгалт өгдөг болж байна. Хуульчийн шалгалтад тэнцээд хуульч болсны дараа гурван албан тушаал дээр очих боломжтой. Өмгөөлөгч, прокурор, шүүгч болох эрх нь нээгдэж байгаа юм. Дээрх ажлуудыг хийж байгаад ямар нэгэн буруу шийдвэр гаргах юм бол хуульчийн эрх нь цуцлагдана. Дахин ажиллах эрхгүй болж байгаа юм. Энэ бол шүүхийн шийдвэрийг шударгаар гаргах маш том хөшүүрэг. Иймэрхүү хууль, шүүхийн салбарт хийгдэж байгаа сайн ажлууд их байгаа. Дахин шинэ хуулиуд УИХ-д орж батлагдан хууль, шүүхийн тогтолцоо зөв, шударга болох шүүхийн шинэчлэл үргэлжлэх болно. Энэ бидний хийх ажил эцэст нь Монголын нийгэмд сайн жишиг үлдээх ёстой гэж бодож байна.

Улаанбаатарынхаа утааг зун ч битгий мартаарай
Улаанбаатар хоттой холбоотой олон асуудал бий. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу руу нүүлгэнэ.  Хотын хэмжээнд өндөр насжилттай олон барилга байна. Хуучин орон сууцуудыг засах шаардлагатай байгаа. Хотын зүгээс байр бүхнийг судалж, засах төсвийг Засгаас гаргаж өгөх хэрэгтэй байгаа юм. Байрнуудын насжилтыг уртасгах, өвлийн цагт дулаан алдагдлыг багасгах гээд бусад оронд хийсэн зүйлүүдийг бид зоригтой хийх хэрэгтэй. Үүнд бүх талын төрийн дэмжлэг чухал. Дээрх ажлууд мэдээж цаг хугацаа шаардана. Энэ чиглэлд сайн ажиллах хэрэгтэй.
Төгсгөлд нь хэлэхэд Улаанбаатарынхаа утааг зун ч битгий мартаарай. Утаатай өвөл биш зун тэмцэх хэрэгтэй. Утаатай холбоотой ажиллаж байгаа бүх хүмүүс асуудлаа түр ч гэсэн орхилгүй зуны налгар цагт ч ажлуудаа шахаж хариуцлагатай ажиллаарай.
Цаг зав гаргаж өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцож асуулт асууж, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараа дахин баяртай уулзахын ерөөл дэвшүүлье.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга нарын нэр дээр ч олон асуулт ирсэн юм. Тэд зарим асуултад товч хариулт өгч үлдсэнд нь хүн бүрээр нь хариулт өгөхөө амлав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш