Саяхнаас С.Баярын эрин үе дахин эхлэлээ гэж шуугиж эхлэв. Угтаа бол түүний эрин үе дахин ирэх бус түр анхаарлаас гараад буцаад орж байгаа гэж хэлж болохоор юм. Оюутолгойн гэрээг үзэглэж, жагсагчид, эх орончдын дүрд тоглогчид, атаархагсад, үнэнийг эрэлхийлэгчид гээд бүгд өөр өөрийн өнцгөөс өөлж эхэлсэн торгон агшинд түүний элэг В билүү, С вирусээр өвдөөд засгийн тэргүүний албыг Сү.Батболдод шилжүүлж, алд биеэ муучилсаар алгуур боловч анхаарлаас гарсан. Одоо харин элэг эдгэрч, эрүүл мэнд асуудал биш болов. Асуудал нь ард түмний амьдрал, улс төр, сонгууль аж. Үүгээрээ С.Баяр гэдэг хүн жорыг нь тааруулж улс төр хийдэг гэдгээ харуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг бол жирийн албан газрын дарга гэсэн үг. С.Баяр шиг улс төрийн бодлого явуулдаг, стратегич хүнд аж ахуйн ажил зохихгүй, улс төрөө хийхэд чөлөөт байдал түлхүү хэрэгтэй байж. Том гэрээний ард гарахад л түр хэрэг болж. Харин АН-ын дарга Н.Алтанхуягт улс төр хийх боломж энэ засагт шургалснаар олдож байгаа юм. Харин Сү.Батболд энүүхэндээ гэхэд С.Баярын хүүхэлдэй гэгдэж, Оюутолгойн гэрээг сайнаар хартал нь гүйцэтгэх засаглалын ажилд морь мал мэт зүтгэх хэрэгтэй болж, зүтгэж ч байна. Харин С.Баяр Сү-гээр туг тахин олж авсан нэр төр, рейтингээ 2013 он хүртэл, өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хадгалж чадахаар байна. Ясны улс төрч хүн гэдэг цаг үеэ мэдэрч тоглолт хийдэг, тоглоомноос гарч, орж чаддаг байх хэрэгтэй гэдгийг үүгээрээ нотлов.
Э.Болор www.shuum.mn
Э.Болор www.shuum.mn