logo
Монголд суралцаж буй Халимаг оюутны төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн зөвлөх уулзав

Монголд суралцаж буй Халимаг оюутны төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн зөвлөх уулзав

2013/05/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.БолдОХУ-ын Халимаг улсаас Монгол Улсад суралцаж буй оюутны төлөөллийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцов. Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах улсаас Монгол Улсад суралцаж буй оюутан Феликс Саналович Шорваев, Байрта Савгровна Жалсанова, Болд Улюмджиевич Чиджиев, Халимагийн Их Сургуулийн Монгол Улс дахь төлөөлөгч Лида Тунтан Гариа нар уулзалтад оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны зургадугаар сард ОХУ-ын Халимаг улсад айлчлахдаа Халимагийн Их сургуулийн шилдэг таван оюутныг Монголд Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сургахаар болсон билээ. Тэдний нэг Феликс Шорваев өнгөрсөн оны есдүгээр сард МУИС-д ирж монгол хэл, соёл, зан заншил судлаад удахгүй буцах гэж байгаагаа хэллээ. Тэрбээр анх ирэхдээ монгол хэл ойлгодоггүй байсан ч зүрх сэтгэлийн гүнд байсан зөн билиг сэргэж ахархан хугацаанд монголоор чөлөөтэй ярьж сурсан гээд хөдөө аймгуудаар явж монгол ёс заншил, уламжлалтай танилцсан нь сэтгэлд их ойр байсан гэдгээ дурдав. Увс аймгийн төвд тааралдсан хөгшнөөс газар асуутал “Бидний унаган хэл аялгаар ярьсан, яасан сүрхий хүү вэ” хэмээсэнд тэрбээр ихэд урамшин баярласнаа ярилаа. Мөн халимаг оюутнуудыг Монголд урьж тэтгэлэг олгон сургаж буйд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж буйгаа илэрхийлэв.
 
Халимагийн оюутан Болд Чиджиев саяхан хувийнхаа зардлаар Монголд ирж МУБИС-д докторантурт суралцахаар болсноо дуулгалаа.
 
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд халимаг оюутнуудтай дэлхийн энгээр суурьшсан монгол түмний үр сад, тэдний өнөөгийн хэл, соёл, сэтгэлгээ, аж амьдралын талаар ярилцаж, Монгол Улсад сурч мэдсэн зүйл, хүсэл сонирхлынх нь тухай асууж, Монголын төрөөс элэг нэгт ахан дүүсээ өвөг дээдсийн өлгий нутагтаа ирж суралцах, ажиллаж амьдрах бололцоог хангах, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулж, сурах орчныг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, оюутны томоохон хотхон байгуулахаар ажиллаж буй бодлого, төлөвлөгөөнийталаар танилцуулав.
 
Халимагаас Монгол Улсад ирэхэд хэл, соёлын хувьд дөхөмтэй, амьжиргааны өртөг зардал харьцангуй боломжтой тул суралцах сонирхолтой олон оюутан залуус бий тухай уулзалтад оролцогчид хэлж байлаа. Халимагийн ерөнхий боловсролын сургуулиудад1990 оноос эхлэн долоо хоногийн таван өдөрт нь монгол хэл, бичгийн хичээл орж байгаа аж. Гэвч энэ нь Халимагийн залуу хойч үеийнхэнд хангалттай гэж үзэхгүй байгаа тул Монголд ирж уугуул хэл, соёл, зан заншилд суралцахыг ч эцэг эхчүүд нь хүсдэг болжээ.
 
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол Улсад ирж суралцах, ажиллах хүсэлтэй монгол угсаатан иргэдийг дэмжиж ажиллах болно гээд иргэд төрийн бус байгууллага байгуулан соёлын гүүр хэлбэрээр ард түмнүүдийн найрамдалт харилцааг идэвхжүүлэх талаар санаачилга гаргахыг зөвлөлөө.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш