logo
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи Ерөнхий сайдад бараалхлаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи Ерөнхий сайдад бараалхлаа

2013/05/09

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхлаа.

Уулзалтын эхэнд тус улсын зүгээс Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, хөгжлийн замыг хүндэтгэн харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайдад уламжилсан юм. Мөн хоёр орны стратегийн харилцааны урт болон дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах саналтай байгаагаа илэрхийллээ. Уг саналыг Ерөнхий сайд хүлээн авч, урт болон дунд хугацааны хөтөлбөрийг Монгол-БНХАУ хоорондын хамтын ажиллагааг ойлгомжтой, тогтвортой, дэвшилтэй байлгаж, олон салбарт өргөжүүлэх боломж хэмээн харж байгаа гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи БНХАУ үйлдвэржилт, хотжилтыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн шинэчлэл хийж байгааг дурдаад Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломж байгааг хэллээ. Мөн Таван толгой, Оюу толгой зэрэг томоохон төслүүдэд шинэ ахиц гаргаж, хоёр улсын нөөц боломжид тулгуурлан шинэ төсөл эхлүүлэх саналаа Ерөнхий сайдад илэрхийлсэн бол, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр улсын хамтын ажиллагааг зам, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарт нэмэгдүүлэх, мөн зарим салбарт шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх боломж байгааг онцолсон юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи өөрийн айчлалаа хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бататгасан айлчлал боллоо хэмээгээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өөрийн эх орондоо ойрын хугацаанд айчлахыг урьлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш