Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгч хоёр орны харилцаанд анхаарал тавьж Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь түүнд талархаад сайн хөршийн найрсаг харилцаа, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийг чухалчилж байна гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгч хэлэхдээ “Бид зарим асуудлыг олон жил ярилаа. Одоо ажил хэрэг болгомоор байна. Манай сайд, албаны хүмүүстэй таны хийсэн яриа хэлэлцээ амжилттай болсон гэж найдаж байна” гэж онцлон тэмдэглэлээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жичи цаг зав гарган өөрийг нь хүлээн авсанд Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дахин дэвшсэнтэй холбогдуулан амжилт хүсэв. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин Ерөнхийлөгчид мэнд дамжуулсныг тэрээр уламжиллаа. Тэрээр хэлэхдээ “БНХАУ-ын шинэ Засгийн газар Хятад, Монголын харилцааг чухалчлан үзэж байгаа. Си Зиньпин дарга ч Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх явдал маш чухал хэмээн үздэг. Хятад улсын дарга Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзахдаа Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үздэгээ онцгойлон тэмдэглэж байсан. Түүнчлэн монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна хэмээн хэлсэн. Энэ бол Хятад улс Монгол Улстай харилцах зарчмыг тодорхойлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх чин сэтгэлийг илэрхийлж байгаа юм” гээд Монголын сайд нартай хийсэн уулзалтууд маш ажил хэрэгч, үр дүнтэй боллоо, хоёр улсын стратегийн харилцааны урд, дунд хугацааны хөтөлбөр боловсруулахаар тохиролцлоо хэмээн дурдав.
Төрийн зөвлөлийн дарга мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт чухал байгааг дурдаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний хурлын үеэр тийм уулзалт зохион байгуулах асуудлыг, бас Хятад, Монголын Ерөнхий сайд нарыг харилцан айлчлуулах талаар судалж байна гэдгээ илэрхийллээ. Тэрээр үгийнхээ төгсгөлд олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд Монгол Улсын гүйцэтгэж байгаа идэвхтэй үүргийг Хятад улс дэмжиж байгаа гэдгийг цохон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Зиньпин мэндчилгээ дэвшүүлсэнд болон хоёр орны харилцааны чиглэлийг гаргаж тодорхой үг хэлсэнд талархаад хариу мэндчилгээ уламжлахыг хүсэв. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кецян Монгол Улсад айлчлах боломж гарна гэдэгт баяртай байна. Энэ айлчлал хоёр орны Засгийн газар, яамд, бусад байгууллагын хамтын ажиллагааг тодорхой үр дүнд хүргээсэй гэж хүсч байна. Манай хоёр орны харилцааны ойрын үед шийдвэрлэх асуудлуудаар УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч миний бие бүгд нэг байр суурьтай байгаа хэмээн Ерөнхийлөгч онцлон дурдав.
Ерөнхийлөгч төгсгөлд нь “Уул уурхай, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, тэрчлэн дэд бүтэц, эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Далайд гарцгүй орны хувьд дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэчихвэл хоёр орны төдийгүй Монгол, Орос, Хятад гурван орны ачаа эргэлт нэмэгдэх сайн талтай юм” гэж цохон хэллээ.