logo
Л.Болд: Үнэхээр иргэдэд тусламж хэрэгтэй бол над руу хүртэл холбогдож болно

Л.Болд: Үнэхээр иргэдэд тусламж хэрэгтэй бол над руу хүртэл холбогдож болно

2013/05/10
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзаж, ажлаа тайлагнаж, чөлөөт ярилцлага хийдэг уламжлал тогтсон. Энэ удаад Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол улсын баримтлах гадаад бодлого юу байх юм, хэрхэн шинэчлэл хийж байгааг танилцуулсан юм. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ингэж гэж хариуллаа.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд Монгол Улсынхаа элчин сайдын яаманд сэтгэл дундуур байдаг. Иргэдээ хамгаалдаггүй гэх гомдол байдаг л даа. Үүнд шинэчлэл хийх үү?

-Энэ бол гадаад харилцааны яаманд хийж байгаа шинэчлэлийн нэг мөн. Бид гадаадад байгаа иргэдээ сонсохын тулд и-мэйл нээгээд ажиллаж байна. Элчин сайдын яаманд иргэд итгэхээ байсан нь үнэн. Бүр итгэхээ байсан. Үүнийг бид өөрчилнө. Ингэхийн тулд дипломат байгууллагуудад тавьдаг шаардлагаа өөрчилж, та нар иргэддээ үйлчил, орон тоо боловсон хүчнийг нь ч нэмье. Дээрээс нь иргэдэд туслах шаардлагатай сан, хөрөнгийн эх үүсвэрийг гаргах тал дээр анхааръя гэж байгаа юм. Дээрээс нь өнөөдөр элчин сайдын яамууд өөсийн улсын иргэдээ подвалиараа оруулдаг, гадаадын хүмүүсийг төв хаалгаар оруулж, иргэдээ дорд үздэг. Тиймээс үүнийг өөрчилж, элчин сайдын яамныхаа байршлыг ч гэсэн өөрчилж, төв байршилтай, иргэдэд дөхөмтэй байлгахаар шинэчилнэ. Дипломат төлөөлөгчийн газрыг энд байвал зүгээр гэж бус, хаана Монгол Улсын иргэд байна тэнд дипломат төлөөлөгчийн газар байх ёстой. Тиймдээ ч хэд хэдэн газар шинээр нээх зорилго тавьж байна.

-Солонгосын хойгийн асуудалд манай улсын Засгийн газар ямар байр сууринаас хандаж байна вэ. Манай улс энэ хоёр улстай хоёулантай дипломат харилцаатай шүү дээ?

-Бүх л улстай найрсаг хамтын ажиллагаатай. Хойд солонгостой ч найрсаг хамтын ажиллагаатай. Тэгэхээр цаашид дэлхийн хурцадмал болоод байгаа энэ асуудалд анхаарал хандуулах ёстой. Дайн дажин бол иргэн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Саяхан болсон олон улсын бага хурлын үеэр Ерөнхийлөгч дахин тунхаглаж, зүүн хойд Азид аюулгүй байдлын төлөө Улаанбаатарын яриа хэлэлцээрийн механизмыг бий болгоё гэсэн. Дэлхийн хурцадмал байдал хоёр Германд байсан бол өнөөдөр тэнд томоохон өөрчлөлт гарсан байна. Тэгэхээр тэр хэмжээний сөргөлдөөн бидний хажууханд ирсэн байгаа болохоор Монгол Улс үүнийг зүгээр хараад суухгүй, идэвхи гаргаж ажиллах ёстой. Цаашид бүс нутгийн улс орнуудтай яриа хэлэлцээр явуулна.

-Манай улсын хувьд гуравдагч хөрш гэх ойлголт маш чухал гэж үзэж буй. Гэтэл гуравдагч хөршөөрөө хэд хэдэн улсыг нэрлээд байх шиг байна. Тэгэхээр гуравдагч хөрш гэдэг ойлголтыг хэрхэн ойлгох вэ. Гуравдагч хөршийн харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?

-Монгол Улс дэлхийн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон. Хоёр хөршийн маань хувьд яах аргагүй хөрш. Цаашид гуравдагч хөршийн бодлого дэвшүүлэн тавьсан. Түүний хүрээнд Япон, Туркийн Ерөнхий сайдууд айлчиллаа. Харин Монгол Улсын хувьд илүү алсыг харсан бодлого боловсруулах болно. Гуравдагч хөрштэйгээ эдийн засгийн бодлого, ирээдүйг харсан шинэ технологи, ажлын байр бий болгохын тулд гуравдагч хөрштэйгээ харилцах ёстой. Тиймээс хөршүүдтэйгээ сайн найзын хувьд бус сайн түншийн байдлаар харилцан ажиллаж байгаа.

-Сүүлийн үед Монгол Улсын хэд хэдэн хүнийг Интерполоор хайгаад эхэллээ. Үүнд Гадаад харилцааны яам улсынхаа иргэнийг хамгаалахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Интерпол бол хуулийн байгууллагатай харилцдаг. Тиймээ бидэнд тодорхой мэдээлэл алга.

-АТГ-ын дэд дарга Б.Хурцыг мөн дуудсан гэх мэдээлэл гараад багагүй хугацаа үдлээ. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу?

-Хурцын асуудал хуулийн дагуу явж байгаа. Монгол Улсын иргэнээ хамгаалах талаар Гадаад харилцааны яам ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Зохих шийдвэр гарах байх.

-Гадаадад явсан хэд хэдэн хүн ор сураггүй боллоо гэх мэдээлэл цахим хэвлэлээр багагүй гарсан. Ер нь, гадаадад байгаа монголчуудаа хамгаалахын тулд ГХЯ хэрхэн анхаарч ажилладаг юм бэ. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Консулын байгууллагууд сүүлийн үед нээллтэй ажиллаж байгаа. Монгол Улс иргэнийхээ төлөө хэрхэн ажиллаж байгаагаа нээлттэй байна. Иргэнээ хамгаалах бодлогоо ГХЯ тууштай хэрэгжүүлнэ. 1990 оноос хойш гадаадад гарсан олон иргэн бий. Тэр дотор ямар нэгэн байдлаар зөрчил гаргаж байна. Гэхдээ нэг ч иргэнийг өөрөө учраа ол гэж хэлэхгүй. Хэрэв элчин сайдын яаманд тусламж хүсээд дэмжлэг авч чадаагүй бол бидэнтэй шууд холбогдох хэрэгтэй. Бидний зүгээс ямар улсад явбал аюултай байх вэ, аль улсад явахад юуг анхаарах вэ гэдгийг бэлтгэж боловсруулж байна. Үнэхээр иргэдэд тусламж хэрэгтэй бол над руу хүртэл холбогдож болно.

-Элчин сайдуудыг ямар шалгуураар томилдог юм бэ. Сүүлийн үед элчин сайд томилох нь бялуу хуваах байдлаар явуулаад байна. Гэтэл хариуцлага алдсан элчин сайдуудыг эргүүлэн татсан, хариуцлага тооцсон зүйл байдаггүй л дээ. Тэгэхээр тэдний ажлыг идэвхижүүлэхийн тулд ямар бодлого шийдвэр гаргаж байна вэ?

-Зарим оронд элчин сайдаар зөвхөн дипломат хүмүүсийг томилдог бол зарим оронд зөвхөн төрийн албаны хүнийг томилдог. Манай улсын хувьд хослуулж байна. Энэ нь ч зөв. Аль алийг нь хослуухад бие биенээсээ суралцаад явдаг. Элчин сайд гэдэг бол маш өндөр статустай байдаг. Аль улсад маш сайн төлөөлж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр иргэдээ хамгаалж чадахгүй, монголоо төлөөлж чадахгүй байвал бид хариуцлага тооцно. Энэ бол манай яамны тэргүүн эгнээнд байгаа. Гэхдээ өнөөдөр тэр хэмжээний гомдол санал байхгүй байна. Гарлаа гэхэд бид найр тавиад улс орныхоо нэр хүндийг унагаад байхгүй.

-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал болоход синхрон орчуулга маш муу байсан гэж шүүмжилж байсан. Үнэхээр орчуулга хийх чадвартай хүн муу байдаг юм уу. Энэ талаар Гадаад харилцааны яам анхаарах уу?

-Энэ үнэхээр эмзэг сэдэв. Би саяны хурал дээр англиар үгээ хэлээд дараа нь орчуулгыг нь сонсоход үнэхээр ичсэн. Бусад хүмүүс ч хэчнээн сайхан үг хэлэв. Түүнийг орчуулсан нь чамлалттай байна. Манайд үнэхээр чадалтай орчуулагч бий гэвэл байна. Төрийн өгч байгаа цалин бага байгаа учраас хувийн салбарт явсныг ашигласан. Энэ бол зарим оронд сайдын түвшний ажил. Тиймээс үнэлэмжийг шинэчлэх ёстой. Нөгөөтэйгүүр сайн орчуулагчийг бэлтгэх болжээ. Дипломат академи байгуулна. Энэ байгууллага нь тэр чиглэлээр ажиллана. Үнэхээр сайн орчуулагч байвал бидэнтэй холбогдоорой. Гэрээтээр, хамтран ажиллъя.

-Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй хэчнээн улс байна вэ. Гадаадад монголын хэчнээн иргэн байна вэ?

-Гадаадад 39 дипломат төлөөлөгчийн газар байгаа. Саяхан зургааг нэмсэн. Ойрын үед 45 болно. Гадаадад байгаа иргэдийн тоо янз бүр байна. Иргэд бүртгүүлж байгаа ч хангалтгүй. Манай яамны тавьж байгаа гол зорилго бол гадаадад байгаа иргэний бүртгэлтэй болъё гэж зорьж байна. Ингэхийн тулд та бүртгүүл гэж захиргааны арга хэмжээ авах бус, бүртгүүлбэл, хүүхэд чинь мөнгө өгнө, танд хувьцаа эзэмшүүлнэ гэдэг байдлаар ажиллаж байна. Ялангуяа монгол иргэн олон байдаг Япон, Солонгос, Герман гэх мэт улсад энэ байдлаар л яриа ухуулга хийж байна. Эх орноосоо эрт гарсна хүмүүсийн хувьд гадаадад хараар ажиллаж, хөдөлмөрлөж байна. Энэ бол тухайн орондоо хууль бус. Харин манайд бол нэг монгол иргэн үнэт капитал юм шүү. Тэр хүмүүсийг эх оронд нь ирэхэд зээлийг нь олгож, бизнес эрхлэх боломжийг нь олгох, хүүхдүүдийнх нь боловсролд анхаарах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Ялтан шилжүүлэх ажил ямар түвшинд байгаа вэ?

-Эхний тохиолцоо хийгдэж байна. Цаашид ч хийнэ.

-Визний хөнгөлөлт эдэлдэг хэчнээн улс байдаг юм бэ?

-Солонгосын визинд хөнгөлөлт эдэлж байна. Энэ улсын виз авахад 10-20 сая төгрөгийн барьцаа авдаг байсан бол үүнийг өөрчилж чадсан. Цаашид визний хөнгөлөлтийг визгүй болгох талаар ярина.

-Сүүлийн үед таны нэрийг ямар нэгэн гэмт хэрэгт холбон бичих боллоо. Хамгийн сүүлд л гэхэд МИАТ компанийн удирдлагуудын хэрэгт таны хувийн Бодь компанийг холбогдуулсан байсан. Мөн ЗХЖШ-ын генерал хүн зэвсэг наймаалсан хэрэгт таныг холбоотой гэж бичсэн байна билээ. Энэ мэт хэрэгт та албан ёсоор байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Улс төрийн өндөр албан тушаал хашихад олон нийтэд байнга ил байдаг. Энэ бол зөв. Үнэхээр эргэлзээ байдаг бол би шалгуулна. Шалгуулсан үр дүнгээ эргэж мэдэгдэнэ. Сүүлийн найман жил би төрийн ажил хийж байгаа. Хувийн бизнест оролцоогүй, оролцох ч үгүй. МИАТ-тай холбоотой асуудлаар шалгаж байгаа. Тэр хэрэгт нь намайг холбоотой байна уу, үгүй юу гэдгийг хуулийнхан шалгаад үнэн мөнгийг тогтоох байх. Сүүлийн үед зориуд зохион байгуулалттайгаар намайг зэвсэг наймаалсан мэтээр бичсэн байна. Өмнөх Засгийн газарт шийдэгдээд явж байсан зүйлийг би зогсоосон хэргийг надад хамааруулж хар пиар явуулсан. Үүнийг би холбогдох газар нь өгч шалгуулж байна.

Г.ДАВАА
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш