logo
УИХ бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлснийг онцлов

УИХ бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлснийг онцлов

2013/05/14
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа УИХ-ын үйл ажиллагааны талаарх долоо хоногийн ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

   Тэрээр мэдээллийнхээ эхэнд УИХ энэ долоо хоногт урьд нь хэлэлцүүлгийн шатанд байсан зарим хууль тогтоомжийн анхны хэлэлцүүлгийн зэрэгцээ зарим хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгааг танилцуулав. Тухайлахад хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахын зэрэгцээ байнгын хороодоос хууль тогтоомжийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байгуулсан 8 ажлын хэсэг хуралдана. Мөн Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо хамтарч Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

   Харин маргааш хоёр ажлын хэсгийн зэрэгцээ 4 байнгын хороо хуралдана. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны тайланг сонсох бол Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөх юм байна.

   Лхагва гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Импортын мод, модон материалын талаар баримталж байгаа бодлого, арга хэмжээ нь ойн нөөцийг хамгаалахад үзүүлэх нөлөөллийн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын, Импортын барилгын модон материалыг нийлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ.

   Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Мөн Үнэт цаасны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай тогтоолын төсөл, Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх зэргийг хэлэлцэж шийдвэрлэх юм.

   Харин УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагааны тухайд чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгосны зэрэгцээ Өвөрхангайн 10 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргоос сонгогдсон Д.Зоригт, Д.Сумъяабазар нар гишүүний тангарагаа өргөснөөр 2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ бүрэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлснийг тэрээр мэдээлэлдээ онцлов. Мөн зээлийн хэлэлцээрүүд болон хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлах тухай хоёр хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоол зэргийг хэлэлцэж баталсан. Олон жил яригдаж ирсэн Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах чиглэлээр өргөн баригдсан Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон зэргийг дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш