logo
НҮБ шавьжаар хооллохыг уриалж байна

НҮБ шавьжаар хооллохыг уриалж байна

2013/05/14

Шавьжаар хооллох нь дэлхий нийтийг өлсгөлөнтэй тэмцэхэд тусална хэмээн НҮБ-ын тайланд дүгнэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын илтгэлд шавьжаар хооллох нь шим тэжээл өгөөд зогсохгүй бохирдлыг бууруулах давуу талтай хэмээн бичжээ. Тайланд тэмдэглэснээр дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн шавьжийг өдөр тутам хэрэглэж заншсан байна. Хэдий тийм ч барууны орны ихэнх үйлчлүүлэгчид шавьжийг үзэж чаддаггүй аж. “Шавьж нь хаа сайгүй олон тоогоор оршиж, хурдан үрждэг, хангалттай өсөлттэй байдаг тул тэднийг хүнсэнд ашиглаж өлсгөлөнтэй тэмцэх нь хамгийн зөв арга” хэмээн тайланд тэмдэглэжээ. Мөн шавьжнууд их хэмжээний уураг, өөх, тос, эрдэс агуулдагаараа шим тэжээл өндөртэй хоолонд багтана гэдгийг баталсан байна. Ялангуяа тэжээлийн дутагдалтай хүүхдэд хамгийн чухал хүнсний хангамж болно гэлээ.Түүнээс гадна ихэнх шавьжнууд бусад амьтад болон малтай харьцуулахад байгаль хортой хийг маш бага ялгаруулдаг аж. Энэ утгаараа эрүүл мэндэд ч харьцангуй сайнаар нөлөөлөлх гэнэ. Илтгэлд шавьжаар хийсэн хоолнуудыг зоогийн газруудын цэсэнд нэмэх хэрэгтэй талаар бичжээ. Дэлхий дээр маш олон хүн шавьж иддэг боловч нийтийн үзэгдэл болж амжаагүй байна. Тиймээс хоол хүнс үйлдвэрлэгчид шавьжтай хоолны шинэ нэр төрөл үүсгэж, бусад хоолнууддаа орц болгон нэмж, цэсэндээ багтааж нэр хүндийг нь өсгөх хэрэгтэй хэмээн илтгэлд зөвлөжээ. Африкийн өмнөд хэсгин нутгуудад шавьжийг өндрөөр үнэлдгийг энд сайшаасан байна. Тус нутагт үст хорхой тансаг хоолны төрөлд багтдаг бөгөөд өндөр үнэтэй худалдаалагддаг аж.

 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш