logo
Зарим оронд дипломат төлөөлөгчийн газар нээх саналыг зөвшилцөв

Зарим оронд дипломат төлөөлөгчийн газар нээх саналыг зөвшилцөв

2013/05/15

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжлээ

  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, эхлээд Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ.

  Засгийн газрын өнгөрсөн оны 169 дүгээр тогтоолоор санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Уг тогтоолд Япон Улсаас олох экспортын болон бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглах тухай асуудлыг тусгасан байна.

  Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Японы тал ирүүлээд байгаа аж. Уг төсөлд зээлийн хэлэлцээрт заасан хэмжээгээр зээлийн шугам нээж, зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлтэд нь үндэслэн зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү хэлэлцээрээр нийтдээ 8 тэрбум иен буюу одоогийн ханшаар 81 сая ам.доллар хүртэлх хэмжээний зээлийг 11 жил хагасын хугацаанд авч ашиглахаар тохиролцоод байгаа юм байна.

  Зээл авах төслийн нийт үнийн дүнгийн 85 хүртэлх хувийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк санхүүжүүлэх агаад үлдсэн 15 хувийг тухайн зээлийг  авах аж ахуйн нэгжүүд хариуцахаар төсөлд тусгажээ. Мөн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг Олон улсын хамтын ажиллагааны банк, үлдэх 40 хувийг төсөлд оролцогч Японы санхүүгийн байгууллагууд хариуцах аж. Экспортын зээлийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авч дотоодын арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх агаад арилжааны банкууд эрсдлээ бүрэн даах юм байна.

  Энэхүү зээлийн хэлэлцээрийн төслийг Төсөв, Эдийн засгийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэнийг байнгын хорооны дарга танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн З.Энхболд зээлийг Засгийн газар хариуцахгүйгээр тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдөө авч болохоор зохицуулсан нөхцөл гаргаж өгч блох эсэхийг тодруулахад сайд Н.Батбаяр “Японы тал манай арилжааны банкуудын чадавхийг судалж байж шийднэ гэсэн. Учир нь манай арилжааны банкууд бүгд В зэрэглэлд хамаардаг, Японы тал урьд ийм зэрэглэлийн банкуудад зээл олгож байгаагүй, гэхдээ асуудлыг ярилцах болно гэсэн” гэлээ. Харин гишүүн О.Баасанхүү зээл нь аж ахуйн нэгжүүдэд аль болох дарамт багатай байх талаар лавлахад сайд “Засгийн газар зээлийг аваад дотоодын арилжааны банкуудаар дамжуулж аж ахуйн нэгжүүдэд олгох юм. Банк өөрөө эрсдлээ даах учраас бидний урьдчилсан тооцоогоор аж ахуйн нэгжүүдэд жилийн 7-9 хувийн хүүтэй очих байх” гэсэн хариулт өгөв.

   Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшөөрч дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул хуралдааны тэмдэглэл, байнгын хорооны санал, дүгнэлтийг Засгий газарт хүргүүлэхээр болов.

Дипломат төлөөлөгчийн газар нээх саналыг зөвшилцөв

  Дараа нь гадаадын зарим улсад Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын болон Консулын газар нээж ажиллуулах тухай саналыг зөвшилцөв. Энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулсан юм. Засгийн газрын хуралдаанаас Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээж ажиллуулах, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх, Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод Консулын газар нээж ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд энэ тухай саналыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон байна.

  Л.Болд сайд энэ үеэр тус яамнаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн үйл ажиллагааны талаар байнгын хорооны гишүүдэд товч танилцуулсан юм. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр 12 зорилт тусгагдсан. Гадаад бодлого нь нэгдмэл, харилцан зохицуулалт уялдаатай байхад тус яам үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг тэрээр дурдлаа. Энэ үндсэн дээр НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох бодлого барьж, эхний удаад 29 улстай дипломат харилцаа тогтоохоор шийдвэрлэсэн, гадаад харилцааг эдийн засагжуулахад ихээхэн анхаарч байгаа. Мөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хил орчмын худалдааг дэмжих, иргэдийн харилцааг өргөжүүлэх, бүс нутгийн хүрээний харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, түүнчлэн нэгэнт гадагш гарсан иргэддээ эх орондоо эргэн ирж суурьших бололцоог нь хангахад анхаарч байгааг хэлээд гадаад бодлогын чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилт, арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Одоогоор манай улсаас гадаад орнуудад 29 Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн хоёр газар, Консулын төлөөлөгчийн 8 газар ажиллаж байгаа юм байна.

  Сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүн Ё.Отгонбаяр, Н.Энхболд, Б.Болор, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, З.Энхболд, Ж.Энхбаяр, Л.Цог нар асуулт асууж, гишүүн З.Энхболд, Ё.Отгонбаяр, М.Батчимэг, Ж.Энхбаяр, Ц.Цолмон нар үг хэллээ. Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад аль болох олон улстай дипломат харилцаа тогтоох нь чухал, гэхдээ дипломат төлөөлөгчийн газрын байршлыг оновчтой тогтоох, үр ашгийг дээшлүүлэх нь зүйтэй, Элчин сайдын яамаа харилцан нээх, нэгэнт нэээснийгээ аль болох хадгалахад анхаарах, түүнчлэн яамны төсөв, орон тоог бэхжүүлэх, дипломат боловсон хүчнээр хангах, чадавхижуулахад ихээхэн анхаарч бодлогын тодорхой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байлаа. Тухайлахад гишүүн З.Энхболд улсын нөөцийг үл хөдлөх хөрөнгөөр гадаад орнуудад байршуулах үүднээс дипломат байгууллагуудын хэрэгцээнд хамгийн эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнтэй газрыг сонгон авч байх талаар байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд чиглэл өгөх, гишүүн Ё.Отгонбаяр яамны боловсон хүчний чадавхид анхаарч хөрш орнуудаа судалдаг судлаач бэлтгэдэг болох, гишүүн М.Батчимэг дипломат төлөөлөгчийн газруудын өгөөжийг дээшлүүлэх, дипломат албаны ач холбогдлыг бууруулсан мэргэжлийн бус томилгоо хийхгүй байхад анхаарах, гишүүн Ж.Энхбаяр цаашид Гадаад харилцааны яам, үүний дотор хөрш орнуудын газрыг бэхжүүлэх, боловсон хүчнээр хангах, дипломат төлөөлөгчийн газар, цэргийн атташегийн асуудлыг оновчтой шийдэх үүднээс байнгын хорооноос УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцүүлэх зэрэг санал гаргасан юм.

  Ингээд гадаадын зарим оронд Монгол Улсын Элчин сайд яам, Ерөнхий консулын газар болон Консулын газрыг нээж ажиллуулах саналыг байнгын хорооны гишүүд дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш