Боловсролын салбарын судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх, багш боловсролын шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор “Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 8 дахь жилдээ болж байна. МУБИС өөрийн бүрэлдэхүүний сургуулиуд болох Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол улсын Засгийн газраас боловсролын чанарын шинэчлэлд онцгойлон анхаарч БШУЯ-наас “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын эхлэл тавигдсан цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, хүүхэд нэг бүрийн хөгжих боломж бүрдүүлэх чадамжтай, шинэ зууны багш боловсролын шаардлагыг хангахуйц чадварлаг багш бэлтгэх нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Иймээс багш боловсролын чанарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд багш бэлтгэх дэлхийн шилдэг туршлага, орчин үеийн судалгаа, шинжилгээний үр дүнгүүдээс судлах, суралцах шаардлагатай болоод байна. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд тавигдах илтгэлүүд нь АНУ, Англи, Япон, Финланд зэрэг өндөр хөгжилтэй орнуудын багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийг танилцуулах, Монгол улсад шинэ зууны багш бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, судалгаанд тулгуурласан багш боловсролын шинэчлэлд хөтлөх талаар хийсэн судалгааны явц, үр дүнгүүдийг тусгасан байна. Монголын ЕБС-ийн багш нарыг магистржуулах бодлогын хүрээнд багш бэлтгэх тогтолцоог магистр багш бэлтгэх "4+1" гэсэн шинэ тогтолцоонд шилжүүлэх боломжийг бага хурлын үеэр онцгойлон хэлэлцэх юм. Бага хуралд манай орны их, дээд сургуулийн профессор, багш нараас гадна АНУ-ын Нью Мексико их сургуулийн Боловсролын сургуулийн захирал проф. Моорхэйд, Сургуулийн өмнөх боловсролын хүрээлэнгийн захирал проф.Кэй, Токио Гакүгэй их сургуулийн проф. Асанума, Шинохара, Английн Линкольний их сургуулийн проф. Анн Грэй, Буриадын их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Б.Зандараев тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй. “Багш боловсролын шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид нь ерөнхий хуралдаанаас гадна “Багш мэргэжлийн хөгжил”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал”, “Хүүхдэд ээлтэй багш” гэсэн 3 салбар хуралдаанд нийт 69 илтгэл хэлэлцүүлнэ