“Янжинлхам” яруу найргийн наадам болох гэж байна. “МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны наадам Тусгаар тогтнолын ордонд маргааш 15:00 цагаас болох аж. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний бичгийн шатны шалгаруулалтад гурван шүлгээ ирүүлсэн найрагчид өнөөдөр хоёрдугаар шатандаа шалгарсан гэнэ. Гэхдээ наадмыг шударга явуулах үүднээс найрагчдын шүлгээ шивсэн цаасан дээр ямар нэгэн нэр, сургуулийн хаяг бичүүлээгүй байна.
Шагналын сангаараа “Болор цом” яруу найргийн наадмын дараагаар орох тус наадмаас Монголын нэртэй найрагчид төрөн гарсан байдаг. Тухайлбал Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, н.Цэнд-Аюуш нарын нэртэй найрагчид “Янжинлхам” наадамд түрүүлж байжээ. Наадмын эхний таван байранд орсон найрагчдыг нэлээд өндөр шагнал хүлээж байгаа бөгөөд байр эзэлсэн найрагчдын шүлгийг сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлгээр олонд таниулах гэнэ.