Ерөнхийлөгчийн санаачлагаар маргааш Төрийн ордны Их танхимд “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ чуулган нь Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлж, эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс" үндэсний чуулганы үргэлжлэл юм.Чуулганыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин удирдан явуулах аж. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран зохион байгуулж байгаа энэхүү чуулган дөрвөн салбар хуралдаантай. Үүнд:
-Шүүх эрх мэдлийн шинэтгэл, шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүхийн захиргааны өөрчлөлт, цаашдын чиг хандлагын талаар,
-Эрүүгийн хуулийн шинэтгэл, боловсруулж буй хуулийн төслүүдийн танилцуулга,
-Авлигатай тэмцэх зорилгоор хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, тус үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, авлигатай тэмцэх үндэсний стратегийн төслийн танилцуулга,
-Иргэдэд эрх зүй, улс төр, эдийн засгийн суурь үндсэн боловсролыг олгож, хууль дээдэлдэг, шударга иргэдийг хэрхэн бэлтгэх талаар тус бүр хэлэлцэх аж.
“Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганы үндсэн зорилго нь тус салбаруудад цаашид хийх арга хэмжээг салбаруудын төлөөлөл, шүүх, хууль сахиулах байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хамтаар тодорхойлж, нэгдсэн шийдэлд хүрэх юм.