logo
Манай эмэгтэйчүүд мөнгөн медалийн эздээр тодорчээ

Манай эмэгтэйчүүд мөнгөн медалийн эздээр тодорчээ

2013/05/17

ОУСБХ-ноос зохион байгуулсан “3 эсрэг 3” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Катарын нийслэл Доха хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Азийн бүсийн 20 орны эрэгтэй, эмэгтэй нийт 25 баг оролцсноос Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртэж, түүхэн шинэ амжилт тогтоолоо. БНХАУ-ын Хайяньд өнгөрсөн оны зургадугаар сард болсон  Азийн элсний спортын III их наадамд оролцсон баг тамирчид энэ удаагийн ФИБА 3х3 тэмцээнд оролцсон юм. Багийн дасгалжуулагчаар МСБХ-ны эмэгтэй шигшээ багийн менежер, дасгалжуулагч  Д.Энэбиш ажиллажээ. Тэмцээнд нийт эмэгтэй есөн баг “А”, “В” гэсэн 2 хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсэгт Энэтхэг, Леван, Непалын багтай таараад байсан. Хэсэгтээ нийт 3 тоглолт хийхдээ Леван болон Непалийн багийг тус бүр 14-6 харьцаатай хожсоноор хоёр хожил, нэг хожигдолтойгоор 1/4 шигшээд шалгарчээ. Энэ шатанд манай эмэгтэй баг Шри-ланктай оноолт таарч, нэлээд хүнд тоглолт хийсний эцэст таван онооны зөрүүгээр буюу 18:13 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарсан байна. Ингээд шилдэг дөрвөн багийн шийдвэрлэх тоглолт буюу хагас шигшээд Туркменитсаны хүчтэй багийг ялснаар Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ анх удаа ФИБА-гаас зохион байгуулсан 3х3 анхдугаар тэмцээний финалд шалгарсан юм. Манай баг шийдвэрлэх тоглолтод буюу аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай тоглож ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш