Увс аймагт ажиллаж байгаа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооныхон залуучуудын чуулга уулзалтанд яригдсан тухайн орон нутгийн залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг аймгийн удирдлагын хүрээнд хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаа мэдээллийг бидэнд өглөө. Тухайлбал Увс аймгийн залуучуудын холбоог байгуулан тус холбоог үйл ажиллагаагаа цаашид явуулах байрны асуудлыг шийдэж, залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэж, орон сууц барих газрыг Бурхан багш Бөхийн өргөөний голд бариулахаар болжээ. Түүнчлэн орон нутгийн залуучуудаа дэмжих, хамтран ажиллах санамж бичигт тус аймгийн Засаг дарга Ц.Цэндсүрэнтэй гарын үзэг зурж, Увсын бизнес эрхлэгч залуучуудтай уулзаж “Залуу удирдагч сан”-гийн салбарыг байгуулсан юм байна. Увс аймгийн ЗДТГ болон төрийн байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулж, мөн “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аянд нэгдэж, авлигын эсрэг амлалтын дэвтэрт гарын үсэг зуржээ. МЗХ-ныхон энэ орой УБ хотод буугаад шууд Дорноговь аймаг руу хүлгийн жолоо залах гэнэ. Маргааш Дорноговь аймгийн залуучуудын чуулга уулзалт эхлэх юм байна.