АНУ, Монгол Улсын Батлан хамгаалах яам хоорондын арав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Вашингтонд болж БХ-ын дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Уг уулзалтын үр дүнгийн талаар дэд сайдаас товч тодруулга авлаа.
- Арав дахь удаагийн уулзалтад Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын бүрэлдхүүнтэй оролцоод ирлээ. Пентагонтой хийсэн уулзалтыг маш үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна.
Хамгийн гол нь манай энхийг сахиулагчдын үйл ажиллагааг АНУ, Пентагоны зүгээс өндрөөр үнэлж, цаашид ч бүхий л талаар хамтран дэмжиж ажиллахаа тодорхой илэрхийлсэн. Манай зүгээс тавьсан Монгол Улс дахь Энхийг сахиулагчдын төвөө олон улсын болгох саналыг АНУ дэмжлээ. Мөн батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр харилцаагаа улам өргөжүүлэхээр тохиролцлоо.
Афганистан дахь эвслийн цэрэг 2014 онд гарах хэдий ч тус улсын энхийн бүтээн байгуулалтад манай энхийг сахиулагчдыг оролцуулах, Сири, Мали зэрэг улсуудад эмнэлэг, инженер, нисэх хүчний багаа ажиллуулаач гэсэн хүсэлтийг НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааг зохицуулах төв газраас Монгол Улсад хандан хүсэлт тавьсан. Пентагон, НАТО, НҮБ-д манай цэргүүдийн энхийг сахиулах үйл ажиллагааны туршлага, ур чадварыг өндрөөр үнэлдэг юм байна. Дэлхийн ямар ч халуун цэгт монгол цэргүүд найдвартайгаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн, чадвартай болсон гэдэг үнэлгээг сонсох таатай байлаа.
Энхийг сахиулагчдын Олон улсын төвийг Монголд байгуулснаар бүс нутгийн хэмжээний энхийг сахиулах үйл ажиллагааны сургалт, дадлагыг манайд явуулдаг болно гэсэн үг. Түүнчлэн Монгол Улсын офицеруудыг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааг зохицуулах төв газарт ажиллуулах асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Өөрөөр хэлбэл Монгол Улс Олон улсын энхийг сахиулах ажиллагааны бодлого боловсруулах, тодорхойлоход оролцох болж байна гэсэн үг. Энэ бол яах аргаггүй нэр төрийн хэрэг бөгөөд манай улсын үнэлэмж дэлхийд өсөж буйн илэрхийлэл хэмээн дэд сайд ярьлаа. Дараагийн зөвлөлдөх уулзалт ирэх онд Улаанбаатарт болно.