logo
Хууль сахиулах үйл ажиллагааны шинэтгэлийг эхлүүлнэ

Хууль сахиулах үйл ажиллагааны шинэтгэлийг эхлүүлнэ

2013/05/18

Төрийн ордонд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг байгууллага хамтран “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулж өндөрлөлөө.

Хоёр жилийн өмнө болсон анхдугаар чуулганаар шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх талаар ярилцаж байсан бол өнгөрсөн хугацаанд холбогдох хуулиудыг боловсруулан УИХ-аар батлуулж, энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд хэрэгжиж эхлээд байна.
 
Харин энэ удаагийн хоёрдугаар чуулганаар хуулийн засаглалыг тогтоож хууль сахиулах үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэх талаар хэлэлцэв. “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулганы салбар хуралдаанаар 12 үндсэн илтгэл, 12 шүүмжлэл сонсч, олон зуун санал хэлсэн байна. Чуулганаар шүүхийн шинэчлэл, авлигатай тэмцэх, хууль сахиулах, шүүхийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагааны шинэчлэл, иргэдийн эрх зүйн боловсролын сэдвүүдээр салбар хуралдаанууд болсон юм.
 
УИХ-ыг дарга З.Энхболд чуулганыг хааж хэлсэн үгэндээ хоёр жилийн өмнөх чуулганаар шүүхийг шинэчлэхээр төлөвлөж ярьж байсан зүйлс нэгэнт хууль болон хэрэгжиж эхлээд байгааг дурдав. УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаар хууль сахиулах тогтолцооны шинэчлэлийг хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх гэж байна. Тэрээр дэлхийн улс орнууд хуулийн засаглал, хууль дээдлэх ёсыг хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулсан газрын зургийг чуулганд оролцогчдод сонирхуулсан юм. Монгол Улс 2012 онд энэ үзүүлэлтэд хамрагджээ. Сайн үзүүлэлттэй орнуудыг ногоон өнгөөр зурсан байна. Монгол Улс хэв журам, аюулгүй байдлаараа ОХУ-аас дээр, Хятадтай тэнцүү хэмжээнд байгаа бол хүний үндсэн эрхийг хангах чиглэлээр ногоон руу нэлээд дөхсөн байна. Нээлттэй засаглалаар тааруу гэсэн үнэлгээ авчээ.
 
Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлж чуулганыг хамтран зохион байгуулсан байгууллагууд, гар бие оролцсон хүмүүст талархал илэрхийллээ. Тэрээр “Бидэнд хийх ажил их байна. Шүүх, хуулийн засаглалаар тэргүүлж газрын зураг дээр тунгалаг ногоон өнгөөр зуруулсан улс орнуудын хэмжээнд хүртлээ ажиллацгаая” хэмээн уриаллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш